Улаанбаатарт болох Азийн сайд нарын Бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг оролцохыг урилаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотод уулзав.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хариуцлагатай албан тушаалд сонгогдсонд нь Антонио Гутеррешд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дахин баяр хүргэж, Монгол Улс дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, тогтвортой хөгжлийг урагшлуулах үйл хэрэгт НҮБ-ын гишүүний хувиар идэвхтэй оролцох байр сууриа цаашид ч баримтлахаа илэрхийлэв.
Ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаар болох Азийн сайд нарын Бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлж, энэ хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг оролцохыг урилаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс ардчилсан тогтолцоог амжилттай хөгжүүлэхийн зэрэгцээ “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлдэгээ илэрхийлэв.
Тэрээр дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч Монгол цэргүүдтэй уулзаж байснаа дурсан, тэдний мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээр бахархаж явдагаа хэлэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, олон талт дипломат үйл ажиллагааг цаашид ч дэмжихээ илэрхийлж, хөрш орнуудтайгаа хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн хэрэгжилтэд амжилт хүсэв.