Газар доорх биш, дээрх баялгаа ашиглах хэрэгтэй
Өөрсдийгөө дээд оюун ухаант гэж өргөмжилдөг хүн төрөлхтөн бид анх байгалийн бэлэн баялгийг ашиглахаас цаашгүй, адгуус амьтдаас ялгарах юмгүй, тэдэнтэй мөр зэрэгцэн явсан үе бий. Гэтэл одоо бөмбөрцгийн хоёр захад байсан ч бие биенийхээ царайг харж, дуу хоолойг сонсож, харилцаж чаддаг болтлоо хөгжжээ. Үүний нууц нь мэдээж хүн төрөлхтний оюун ухаан ба шинжлэх ухааны агуаа их нээлт хийсэн эрдэмтдийн ололт, амжилтын үр дүн билээ. Гэхдээ орхиж болохгүй бас нэг зүйл бий. Тэр бол энэхүү суут ухаантнуудын хийсэн нээлт, тэдний мэдлэг туршлага зэрэг нь тухайн хүнтэйгээ хамт дуусгавар болоогүй харин хэл ярианы тусламжтайгаар бусад хүмүүст дамжиж, түүн дээр нь тулгуурлан улам сайжруулан, хөгжүүлж ирсэн нь богино хугацаанд асар хурдацтай хөгжихөд том түлхэц болсон юм.
Үүний нэгэн жишиг болох ахмад хүмүүсийнхээ олон жилийн дадлага туршлага, мэдлэг зэргийг хамгийн ихээр “мөлжиж” авч үлддэг ард түмэн бол япончууд ажээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х. Цэвлээ “Япон толь” тэмдэглэлдээ “Япончууд дөч, тавин жилийн нөр их хөдөлмөрийн мөрөөр олж авсан тэр их мэдлэг, туршлагыг манайхан шиг өөртэй нь цуг тэтгэвэрт гаргаад, төдөлгүй шарилтай нь хамт авсалчихдаггүй юм байна. Монголчууд бид олон тэрбум доллараар үнэлэгдэх дэндүү их баялаг болгож болохуйц, мянга түмэн хүний ямар их үнэ цэнэтэй мэдлэг, туршлага, сод ухааныг тоож үзээгүй эзэдтэй нь хамт үгүй хийсэн бол гэхээс харуусах сэтгэл төрнөм” хэмээн бичжээ.
МУИС-ийн ахмад багш ажилчдын анхдугаар нэгдсэн чуулган
Үнэхээр ч бид газрын хөрсөн доорх баялгаа ухахаас биш, дээр нь байгаа баялгаа ашиглаж чаддаггүй . Далан таван жилийн түүхтэй манай улсын ууган сургууль болох МУИС л гэхэд ахмад багш нарын холбоог дөнгөж өнгөрсөн оны сүүлээр байгуулсан. Үүний хүрээнд өнгөрөгч гуравдугаар сард “МУИС-ийн ахмад багш, ажилчдын анхдугаар чуулган” зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээнд өндөр насны тэтгэвэрт гарсан 150 багш, ажилтан уригдсанаас дөрвөн академич, гурван ардын багш, 13 гавьяат, 33 профессор оролцсон. Тэд өөрсдийн салбартаа насаараа зүтгэсэн, тэр хэмжээгээрээ асар их мэдлэг туршлага хуримтлуулсан гэдэг нь маргаангүй.
Ямартай ч ахмадууд болон тэдний мэдлэг чадварыг ашиглах, нийгмийн хөгжилд тэдний хувь нэмрийг дахин оруулах энэ мэт ажил зохион байгуулж байгаа нь сайшаалтай юм. Чуулганы үеэр академич С.Нарангэрэл “Багш хүний ухаан, эрдэм мэдлэг, авьяас чадвар хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Тиймээс ахмад багш нараа “ашиглаж”, тэднээс суралцаж байгаасай хэмээн хүсдэг” гэж хэлсэн нь аргагүй байгаа оносон сум байсан юм.
Нээрээ л ахмадууд тэтгэвэрт гарахаас, тэдний мэдлэг, чадвар тэтгэвэрт гарахгүй. Бид япончууд шиг олон жилийн дадлага туршлага, мэдлэг чадварыг нь өвлөж, түүнийгээ тулгуур болгон, цааш нь хөгжүүлэх аваас хөгжил дэвшилд ойрхон байна. Дахин сануулахад хүн төрөлхтний хурдацтай хөгжлийн гол тулгуур нь нэг хүний мэдлэг өөр хүнд дамжих боломжтой байдагт оршдог. Харин бид өтгөс буурлынхаа, өтлөөгүй оюун ухаан, хуучраагүй авьяасыг эзэнтэй нь хамт явуулж байгаа нь хүн төрөлхтний хөгжлөөс алхам ухарч байгаагаас ялгаагүй. Тиймээс газар дээрх баялгаа байгаа дээр нь ашиглаж, өвлөж авах хэрэгтэй. Заавал багш, эрдэмтэд гэлгүй та ч мөн хажуудаа байгаа эмээ, өвөөгөөсөө мэддэг чаддаг бүхнийг нь асууж, шалгаан өөртөө авч үлдээрэй.
Монголын баялаг эзэнтэйгээ хамт дуусах учиргүй