2019 оны 1 сарын 1-нээс цалин нэмэгдэж, банкууд иргэдийг шулсаар байх уу, Хүрэлсүх ээ!
Ерөнхий сайдаар зөв хүн гарч ирсэн нь мэдэгдэж, мэдрэгдэж эхэллээ. Уналтад ороод байсан Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн амьдрал тогтворжиж, аажмаар өндийж буй дүр зураг харагдаж байна. Ямар ч байсан олон нийтийн амьжиргааны доош чиглэсэн чөлөөт уналтыг зогсоогоод авсан нь сайн хэрэг. Олон саад бэрхшээл, улстөржилтийн дундуур шуурга сөрөн алхаж буй нэг ухна, хэдэн хонь шиг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар хэцүү бүхнийг даван туулж, муу хэлүүлэхдээ хэлүүлж л байна.
Хэцүү цаг үед нэг сайн эр гарч ирдэг дээ. Ард иргэд У.Хүрэлсүхийг тэгж л харж байгаа, бас дэмжиж байгаа. Олон нийтийг итгэлийг алдаж болохгүй мэдэж байгаа байх. Үнэхээр цөхөрч, эцэстээ тулчихсан байгаа.
Саяхан л өөрийн зоригтой шийдвэрүүдээр бизнес эрхлэгчид, татвар төлөгчдөө дэмжсэн тэр ирэх 10 дугаар сард цалин нэмэгдүүлэх асуудлыг УИХ-д оруулахаар болсноо мэдэгдсэн юм. Тэрээр өнгөрөгч 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаан дээр ингэж хэлсэн бөгөөд 10 дугаар сард УИХ-д өргөн барьсан асуудал хэлэлцэгдэж, 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх болов уу. Өөрөөр хэлбэл, он гараад л цалин нэмэгдэх цаг хугацааны тохироо бүрдээд байна.
Нийгмийн амьдралын нөхцөл байдал болон бас бус олон нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд цалин нэмэх асуудлыг УИХ дэмжих нь гарцаагүй. 65 суудалтай олонхийн бүлэг энэ асуудлыг дэмжиж, цалингийн доод хэмжээг ч нэмэгдүүлэх боломжтой.
Өнөөдөр Монгол Улсын цалингийн доод хэмжээ 240 мянган төгрөг бөгөөд энэ нь олон улстай харьцуулахад маш бага тоо юм. Сард 24 өдөр ажиллахаар тооцоход энэ нь өдрийн 10 мянган төгрөг ба ойролцоогоор 1 цагийн 1000 төгрөг гэсэн үг.
Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх сүүлийн 27 жилд байгаагүй маш чухал шийдлүүд гаргаж, татварын олон хөнгөлөлт, чөлөөлөлт бий болгохоор ажиллаж байгаа. Харин үүнд монополь болсон арилжааны хэд том банк л гай болж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцны 8 хувийн зээлийн хүүг бууруулж, иргэдийг хямд орон сууцаар хангахад онцгой анхаарч байгаагаа ч мөн хэлсэн. Засгийн газрын тэргүүн хүний хувьд үг үйлдлээ хянаж байх учиртай бөгөөд тэрээр яг таг тоо хэлээгүй ч 5 хувьд хүргэнэ гэсэн хүлээлт бий.
Харин арилжааны банкууд ашгаа бодож үүнийг эсэргүүцэж байгаа. Ипотекийн 8 хувийн хүү нь дэлхийн дунджаас хамаагүй өндөр тоо. Цалингийн зээлийн хүү 22.8 хувь. Манайх шиг ийм өндөр хүү төлбөртэй, төрийн толгой дээр гараад суучихсан банкуудтай улс байхгүй.
Хадгаламж зээлийн хоршоодод хадгаламжаа алдаад ирэхлээрээ улстөрчдийг лоббиддог, гаднын банк оруулж ирье гэхээр мөнгө тарааж үндэсний аюулгүй байдал яриулдаг, бичүүлдэг. Тэгсэн атлаа хадгаламжийн хүүгээ өсгөдөггүй, зээлийн хүүг бууруулдаггүй. Монголын хөгжилд нэмэр болохоосоо илүү нэрмээс болсон ийм л “чөдөр тушаа” нартай Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэлцэх нь дээ. Банкууд ямар хүчтэй байгааг Эрдэнэтийн 49 хувийн маргаан бэлхнээ харуулж байна.