Эрдэнэ Дайчин Чин Ван Ханддоржийн түүхэн намтар
Бидний монголчууд Чингисийн удмын хан сайт төрийн түшээ, Эрдэнэ дайчин чин ван Ханддоржийн талаар сайн мэднэ. Юуны учир , тэрбээр ард олондоо үеийн үед хүндлэгддэг, улс Монголынхоо төлөө насан турш бодол оюунаа чилээж, бие сэтгэлээ зориулсан эрхэмсэг язгууртай ч эгэл жирүүн хүн юм.
Чин ван Ханддорж нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу / Одоогийн Булган аймгийн Булган, Бугат, Хангал, Орхон, Сайхан сум /-ын нутаг Хан-Жаргалантын өврөөр нутаглаж байв.
Чин ван Ханддорж үе залгамжилсан сурвалжит язгууртан, боржигон овог, хияд ясны хүн. Эрдэнэ дайчин Чин ван Ханддоржийн өвөг дээдэс Батмөнх даян хааны / 1466-1504он / отгон хүү Гэрсэнз жалайр хунтайж, түүний ууган хүү нь Очир Абтай хаан юм. Абтай сайн ханы хоёрдугаар хөвгүүн Эрээхэй мэргэн, Эрээхэй мэргэнийн гутгаар хөвгүүн Дорж дүүрэгч , Дорж дүүрэгчийн хөвгүүн Дэсвр Ле Шательенл тайж, түүний хөвгүүн Чимчүгнамжил /Чоймжигнамжил / болой. Түүний хөвгүүн Цэнгүнжав, түүний хөвгүүн Цэдэндорж, түүний хөвгүүн Эрэгзэндорж, Эрэгзэндоржийн хоёрдугаар хөвгүүн Цэрэндорж, Цэрэндоржийн хөвгүүн Минжиддорж, түүний хөвгүүн Чин ван Ханддорж юм.
Ханддорж бага насаа гол төлөв ордны тансаг амьдралд өнгөрөөжээ. 6-7 наснаасаа эхлэн Вангийн хүрээний Данигай хэмээх номтой хүнээр бичиг, ном заалгаж байжээ. Түүнчлэн хүрээний амбан сайдын дэргэдэх төрийн албанд бэлтгэх дамжаанд суралцжээ. Манжийн хааны тааллаар Ханддорж нь Бадаргуулт төрийн 18он / 1892 он / Засаг, хошой Чин вангийн найм дахь үед залгамжилжээ.
Чин ван Ханддорж өөрийн хайрт хүү Данзанжамцыгаа эрдэмтэй хүн болгохын тулд номд сургахаар Далай ламыг дагуулж Чин улс руу явуулжээ. Гэвч манж нарын хувилдаанд өртөгдөж түүний хүү нь цаазлагджээ. Иймээс Ханддорж нь өгүүлшгүй их уй гашуунд унаж, манж-хятадын маалинга шаахайн ул, марал илжгийн туурайг хаалган даваа /Чуулалт хаалга буюу Жанжхүүгийн даваа /-аар давуулж Ар халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй хэмээн хатуу тангараг тавьжээ.