Д.Гантулга намайг уучлаарай хэмээн уйлж, МАН-ын бүлэг түүнийг авч үлдэхээр болов
Өчигдөрхөн л хэвлэлийнхэнд би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах саналаа удаа дараа илэрхийлсэн хэмээн ярьж, бичиг цаасаа өгсөн хэмээн таахалзаж байсан Д.Гантулга гишүүн МАН-ын бүлгийн нууц хуралдаан дээр ороод нус нулимстайгаа холилдсон тухай эх сурвалж мэдээллээ.
Түүний хувьд залуу, туршлагагүйн дээр хүүхэн шуухантай их орооцолддог гэх бөгөөд улстөрийн амьдралын хатуу хөтүүг сайн мэдэхгүй нэгэн. Энэ том сургамж боллоо. Тэгээд ч "ах нар" нь үүрэг даалгавар "өгч" Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг "гусуулж" байгаад ийм байдалд хүргэсэн учир авч үлдэх шийдвэр гаргажээ.
МАН-ын бүлэг Д.Гантулгын асуудлаар нууцаар хуралдаж, уг хуралдаан дээр Д.Гантулга гишүүн өөрийн болчимгүй үйлдлээс болж намынхаа нэр хүндийг унагасандаа нулимс дуслуулан байж уучлалт гуйсан аж.
Энэ мэт байдлыг харгалзан үзэж УИХ дахь МАН-ын бүлэг Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байхаар урьдчилсан байдлаар шийдэж, Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн хүсэлтийг хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзжээ.
Хэрвээ Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлбэл МАН нэг суудлаа "алдана". Д.Гантулгын сонгогдсон Хэнтийд нөхөн сонгууль болно, тэнд МАН ялаа ч уу, үгүй ч үү.
Хэнтийд нөхөн сонгууль болбол Н.Энхбаяр сонгогдох магадлал өндөр байгаа ба Н.Энхбаяр улстөрд эргэн ирвэл арай гэж түүнээс салсан МАН болон АН-д аюул учирна.
Мэдээж бас Д.Гантулга гишүүний асуудалтай холбоотой олон зүйл бий бөгөөд хэн нэг хүний нэр төрд халдсан хэрэг болох учраас түүний асуудлыг хэрхэхийг МАН-д нь үлдээе.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар багтдаг бөгөөд уг хороог Хууль зүйн сайд Ц.Нямдорж ахалдаг юм.