Д.Гантулга: Бүрэн эрхээсээ татгалзах саналтай байгаагаа олон удаа илэрхийлсэн шүү дээ
УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэрээр бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаа талаар мэдээлэл гарсан билээ.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Гантулга өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгч "Би бүрэн эрхээсээ түдгэлзэх саналаа олон удаа илэрхийлсэн. Өөрийгөө шалгуулж үнэн мөнийг олж тогтоохын төлөө идэвхитэй ажиллаж байгаа. Өнөөдөр яллагдах тогтоолоо авсан. Яллагдагчаар татагдсан байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй юм билээ" гэсэн юм.
Тэрээр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө УИХ-д хүргүүлжээ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг авч хэлэлцээд гишүүдийн дийлэнх дэмжсэн тохиолдолд Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм.
Одоогоор Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж байгаа бөгөөд нөгөө талаас Улсын ерөнхий прокурорын газраас Д.Гантулга гишүүнд өгсөн 48 цагийн хугацаа дуусч байгаа юм. Улсын ерөнхий прокурорын газраас мөн Д.Гантулга гишүүнийг 48 цагийн дотор бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн байна.
Ямартай ч, УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад хүчингийн хэрэг хийсэн, хийгээгүй гэх асуудлаа шийдэхээр болж байна.
Хүчингийн хэрэг хийсэн ч бай, хийгээгүй ч бай УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэй байхдаа ингэж олон талын хүчинд автаж өөрийн гол хамгаалалт болох гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаа юм чинь ийм хамгаалалтгүй болоод хэрхэх нь тодорхой.
Тиймээс улстөрийн дараагийн нүүдлийг харах ёстой. Хэдийгээр магадлал бага ч Д.Гантулгаас хариугаа авсан гээд түүнд хорих ял оноолгүй өнгөрч болох юм.
Гэсэн ч Д.Гантулга мултарсан тохиолдолд түүний сонгогдсон Хэнтийд нөхөн сонгууль болох нь гарцаагүй юм. Энэ тохиолдолд ноднин намраас хойш ээжийн нутаг хэмээн Хэнтийгээр эргэлдэх болсон Н.Энхбаяр МАХН-аас, цөөнх АН Хэнтийгээс гарчих боломжийн хүн өрсөлдүүлж нэг суудал нэмэх гэх мэт нүүдлүүд бий. Дөнгөж 30 гарч яваа залуу гишүүн Д.Гантулгын хувьд хүүхэмсэг зангаасаа болж өөрийгөө болон намаа хөөдөж байгаа ч түүний орооцолдсон дээрх хэрэг "нэлээн дээрээс шидсэн чулуу" гэх нь бий.
Хэдий тийм байлаа ч ингээд Д.Гантулгын асуудал шийдэгдэх шатандаа орж байна. Одоо нэгэн эмэгтэйд удаа дараа бэлгийн дарамт үзүүлэн, зодож занчин, эцэг эхийг нь дарамталсан Д.Мурат гишүүний асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Аль нэг нам, АН, МАН гэлтгүй УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэх хамгаалалтаар хамгаалуулж хаан мэт аашилдаг гишүүдтэй ёс зүй ярих цаг нь болсон.