Улстөрчдөөс биш, хууль, шүүхийн байгууллагаас хариу хүлээсэн дуулиант хэргүүд
АРД ТҮМЭН ШУДАРГА ҮНЭНИЙГ МЭДЭХ ЭРХТЭЙ
Шударга, үнэний төлөө тангарагтай хууль хяналтын байгууллага, шүүх засаглал эрх мэдлээ хэрэгжүүлж, үүргээ гүйцэтгэх цаг ирснийг олон нийтийн хүлээлт харуулж байна. Учир нь сүүлийн үед хуулийн өмнө дуудагдаж, хоригдож байгаа нэр нөлөө бүхий хүмүүс улсын эдийн засгийг сэргээж, уул уурхайн ордуудыг эргэлтэд оруулах онцгой гавьяа байгуулчихаад хэлмэгдчихээд байна уу. Эсвэл улс орны эдийн засаг цаашлаад тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд ноцтой аюул учруулж Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой, Дубайн гэрээ зэрэг томоохон орд газар, олон улсын гэрээг Монголд ашиггүй хувилбараар хийсэн үү гэдгийг дэнслэх учиртай боллоо. Өөрөөр хэлбэл, нэгэн цагт төрийн жолоо атгаж явсан хүмүүс эх орон, газар нутгаа мөнгөөр арилжсан эсэхийг мэдэх ард түмний хүлээлт, шаардлага үүсч байна. Ард түмэн ч шударга үнэнийг мэдэх эрхтэй. Гагцхүү, хууль шүүхийн мэдэлд шилжиж, зангилааных нь үзүүрээс атгасан хэргийн дундуур элдэв улстөржилт, намчирхал шургалж нэгнээ хамгаалах гэсэн явуургүй арга байх ёсгүй. Энэ мэтэд хуулиар бамбай хийх учиртай байгууллагуудын анхаарал сарних учиргүй. Харин ч АТГ, цагдаа, прокурор, шүүх гээд хянадаг шалгадаг газрууд нь ямар нэг хөндлөнгийн оролцоо, эрх мэдэл, албан тушаалын шүүлтгүйгээр зөвхөн чин үнэнийг баталгаажуулж, түүнийгээ ард түмний өмнө дэлгэх эрхэм үүрэгтэй. Түүнээс биш шалгаж хориод, суллах мэтээр замхруулах юм уу хэн нэгний тохиролцоогоор ганц хүнийг шийтгэх явдал газар авах ёсгүйг ард түмэн шаардаж буй.
Дээр хэлсэнчлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гурван сая хүний хувь заяатай холбоотой “том” дүнтэй, үр дагавар ихтэй дуулиант хэргүүдийг хэрхэн шийдвэрлэх нь хүлээлт үүсгээд багагүй хугацаа өнгөрлөө. Хамгийн гол нь Оюутолгой, Эрдэнэт, Дубайн гэрээг хийхэд голлох үүрэгтэй оролцсон албан тушаалтнууд буюу сумаа тавьж нумаа нуусан хүмүүсийг илрүүлэх нь нийгмийн шаардлага юм.
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ “ОНЦЛОХ” АЛБАН ТУШААЛТНУУД
АТГ-аас Монгол Улсын Засгийн газар Оюутолгой компанитай байгуулсан гэрээний зарим үүрэг биелэгдээгүй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Оюутолгойн гэрээг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Ерөнхий сайд асан С.Баяраас байцаалт авч, Сангийн сайд асан С.Баярцогтыг яллагдагчаар татаж хориод байгаа юм. Ерөнхий сайд асан С.Баярын хувьд өөртэйгөө холбоотой сөрөг мэдээллийг үгүйсгэхдээ “Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүнтэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна” хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хаяглан захидал бичиж байсан удаатай. Гэтэл тэрээр одоо Оюутолгойн гэрээтэй холбогдон АТГ-т байцаагдаж байгаа юм. Харин Оюутолгойн гэрээний талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ Монголын хувьд ашиггүй болсон нь илэрхий. Монголын Засгийн газар үндэсний баялагтаа эзэн болж чадахгүй, гадны хөрөнгө оруулагчдын дур сонирхолд хөтлөгдөж гэрээг байгуулснаараа эдийн засгийнхаа орон зайг хуваагаад хаячихсан юм. Оюутолгойн гэрээг аваад үзэхэд, анхнаасаа манай хууль тогтоомжийг илт зөрчиж эхэлсэн. Хайгуулын ажил дуусаагүй байхад ашиглалтын лиценз Оюутолгойд өгөөд, түүнийхээ дараа техник эдийн засгийн үндэслэл гараагүй байхад гэрээ байгуулсан. Ингэснээрээ Монголын Засгийн газар улс үндэстнийхээ эсрэг гадныхантай хуйвалдсан гэхэд болно. Үүний эцсийн үр дүн орлого зарлагын талаасаа Монгол Улс хосгүй орд газраа гадны компанид эзэмшүүлээд өөрөө өртэй үлдэж байна” гэж дүгнэсэн байдаг. Харин Сангийн сайд асан С.Баярцогт шалгагдаж эхэлснийхээ дараахан “Оюутолгойн гэрээ үнэхээр зөв, ямар ч авлигагүй сайн гэрээ болсон гэдгийг харуулна. Би биш Монгол, Швейцарийн хамтарсан шалгалтын баг харуулна. Энэ төсөл 100 жилийн настай. Одоо 9 жил үргэлжилж байна. Асуудлыг цэгцлэх ёстой” гэж мэдэгдсэн юм.
ДУБАЙН ГЭРЭЭНИЙ ДУУЛИАН
Хууль хяналтын байгууллагууд 2015 онд Арабын Нэгдсэн Эмират улсад зурагдаж байсан Дубайн гэрээний буруутанг мөрдөж эхлэв. Гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарыг АТГ саяхан баривчилсан. АТГ, прокурорын мөрдлөгийг шүүх байгууллага нотолж тэднийг 30 хоног хорих шийдвэр гаргаад байгаа юм. Харин Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой ажлыг хариуцаж байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ч мөн адил хуулийн байгууллагаас дуудаж, зугтсан тохиолдолд интерполоор эрэн сурвалжлахаа мэдэгдсэний хариуд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Америкаас Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, АТГ-ын дарга Х.Энхжаргал нарт захидал бичжээ. Тэрээр “Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбоотой үүссэн асуудлаар Улсын прокурорын газар, АТГ-с мэдүүлэг ирж өгөх албан бичиг ирүүлсэн билээ. АНУ-д амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг уламжлан заасан хугацаанд өөрийн биеэр хараахан амжиж очих боломжгүйгээ урьд нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн болно.Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авилга байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга. Би Монголдоо очно” гэсэн бичжээ. Түүний товлосноор ирэх долоо хоногт эх орондоо ирж мэдүүлэг өгөх юм.
ЭРДЭНЭТ ТОЙРСОН ДУУСДАГГҮЙ МАРГААН
Стратегийн томоохон ордуудтай холбоотой хэргүүдээс гадна улсын төсвийн ихэнхийг дангаараа бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэр тойрсон дуулиан, маргаан тасрахгүй нь. Тодорхой хэлбэл, Эрдэнэтийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан нь төрийн буруу юу, Ш.Батхүүгийн буруу юу гэдэг асуудал сөхөгдөж байна. Мөн Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг мэдэлдээ авч, иргэн бүрт хувьцаа болгож өгөх шийдвэр гаргасан ч, нөгөө талаас хувьцаа эзэмшигчидтэй холбоотой маргаан үргэлжилсээр. Нэг ёсондоо Монголын төр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг мэдэлдээ авсан эсэх нь эргэлзээтэй.
Харин Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалсан гэх асуудлаар “Жаст” группын захирал Ш.Батхүү болон “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг баривчилсан. Мөн IV цахилгаан станцын гүйцэтгэх захирал С.Анхбаярыг саатуулаад буй. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын бараа материал шахсан гэдгийг ТЕГ-ын дарга асан Б.Хурц хэлж байсан удаатай. Ийнхүү Эрдэнэтийн 49, 51 хувийн дуулиан дэгдэж хэрэгт буруутгагдаж байгаа хүмүүс шүүхийн хаалга татахтай зэрэгцэн “Жаст” группын захирал Ш.Батхүү өчигдөр хэвлэлд захидал нийтлүүлжээ. Захидалд “Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал Эрдэнэт үйлдвэр ямар ч санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэдэг заалтыг гурван гэрээнд нэмж оруулаад Ерөнхий захирлынхаа гарын үсгийг авсан. Ш.Батхүү миний бие Улаанбаатар хотод буцаж ирээд өөрт үлдсэн хувиуд дээрээ Эрдэнэт үйлдвэрийн дууриамал тамгыг дарсан. Дараа нь гэрээнүүдийн бүртгэл хийсэн нүүр болон гарын үсэг, тамгатай сүүлийн хуудсуудыг Стандарт банкнаас ирүүлсэн гэрээнүүдэд сольж хийгээд, сүүлийн хуудаснаас бусад хуудсуудад Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргын гарын үсгийг дуурайлган зураад Стандарт банкинд өгч зээлээ авсан. Үүнээс хойш яг энэ асуудлыг Эрдэнэт үйлдвэртэй дахин ярьж байгаагүй. Энэ бүх гэрээнүүд дээр байгаа гарын үсгүүд болон тамга тэмдэгүүд жинхэнэ биш гэдэг нь мөрдөн байцаах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн болон Лондонгийн арбитрийн шүүхийн явцад Европын хараат бус шинжээчдийн дүгнэлтүүдээр удаа дараа нотлогдсон бөгөөд эдгээр нь хавтаст хэрэгт байгаа. Хэрэв миний амь нас эрсэдвэл дээрх тун ноцтой хэргийн шинжтэй этгээдүүдийн хэрэг замхарч, над руу хамаг бурууг чихэн, хийгээгүй хэргүүдэд гүжирдэн, асар их улсын мөнгө завших боломж үүсэхээр байна. Миний бие энэхүү захидлыг илгээж байгаагаараа өөрийн гаргасан алдаа, гэм бурууд тохирсон хариуцлагыг хүлээхээс зайлсхийсэн зүйл байхгүй. Харин энэ хэрэгт огт хамааралгүй хүмүүсийг хэлмэгдүүлэх, хийгээгүй хэрэгт гүтгэн гүжирдэх нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй гэдгийг илэрхийлж байна. Миний хийсэн үйлдэл дээр дөрөөлж хууль, шударга ёсноос гадуур өөрсдийн гэм бурууг далдлах, улсыг хохироож ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлэг этгээдүүдийн сонирхол байгааг үгүйсгэхгүй” хэмээн бүх хэргийг дангаараа үүрэхээ мэдэгджээ. Энэ мэтээр нэгэн үе Ерөнхий сайдаас эхлээд аль болох зөөлөн сэнтийд заларч явсан эрх мэдэлтнүүд улс орны эдийн засагт ноцтой хохирол учруулсан хэргээр шалгагдаж буйн зөв, буруу, үнэн худлыг хууль хяналтын байгууллагууд тогтоох учиртайг дахин онцольё.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин