Музей бол тэр чигтээ Монголын түүх, соёл урлаг, шинжлэх ухаан хэмээн судлаачид хэлдэг. Тэгвэл эх орныхоо арвин их баялаг түүхийг хүүхэд багачуудад таниулах, музейг хүүхдийн ертөнц болгох зорилгоор аймаг, нийслэлийн ЕБС-ын нийт 100 гаруй багш нарын дунд “Музейд суралцахуй” сургалтыг өнөөдөр явууллаа.
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Нийслэлийн Боловсролын газар, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж буй уг сургалтын гол зорилго нь музейн боловсролыг ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөртэй уялдуулах билээ. Тодруулбал, Түүх, Нийгэм, Газарзүй, Монгол хэл бичиг, Дизайн технологи, Урлаг, Иргэний боловсрол, хичээлээс гадуурх ажил, амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа зэрэг хичээлийн хөтөлбөртэй холбож, хүүхэд багачуудад музейн талаарх боловсролыг олгоход чиглэж байна. Энэ сургалтад оролцохоор ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын төлөөлөгч Х.Гүрүнг ирж, “Музейгээр дамжуулан өвийн боловсрол олгох нь” сэдвээр илтгэл тавьж, олон улсын шилдэг туршлага, ололт амжилтаа хуваалцлаа.