Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2018.04.05) 14 цаг 28 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр даргаллаа.
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Бүгд Найрамдах Чех Улсын Дотоод хэргийн яамнаас 2017 оны 03 дугаар сард өгсөн мэдээллээр БНЧУ-д 7384 монгол иргэн оршин сууж байгаагийн 5032 иргэн 5-25 жил амьдарч оршин суух эрх авсан байна. Нийт монгол иргэдийн 67.5 хувь нь буюу 5,0 орчим мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн 75 хувь нь оёдлын үйлдвэрт, 25 хувь нь хүнд болон хөнгөн үйлдвэр, барилга, үйлчилгээний салбарт ажиллаж, 211 иргэн аж ахуйн нэгж байгуулан жижиг, дунд бизнес эрхэлж байгааг дурдав.
Мөн Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Чех Улсад оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авч байна. Иймд урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдаж төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндсийг бий болгох зорилгоор нийгмийн хамгааллын хэлэлцээрийг боловсруулж Чехийн талтай хэлэлцэн тохиролцоод байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд онцоллоо.
Салбарын сайдын танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан Н.Оюундарь, Д.Оюунхорол нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд 1995 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө Чех Улсад ажиллаж байсан иргэдийн тоо, хоёр улсын хоорондын хэлэлцээрийн үр дүнд нийт хэдэн иргэн нийгмийн даатгалд хамрагдаж, тэтгэвэр, тэтгэмж хүртэх талаарх тодорхой тоо, баримт танилцуулахыг Ажлын хэсгийнхэнд анхаарууллаа.
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг Байнгын хорооны гишүүдийн 76,9 хувь нь дэмжив.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, тус яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нар оролцсон.
Тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав. Тэрбээр, Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон, уламжлалт найрсаг харилцаатай. Бишкек хотод 40 гаруй Элчин сайдын яам байдаг бөгөөд зөвхөн манай улс л Ерөнхий консулын газартай байна. Ерөнхий консулын газар дөрвөн хүний орон тоотой ажиллаж байгаа бөгөөд цаашид тус газрыг Элчин сайдын яам болгосноор аливаа нэмэлт зардал гаргахгүйг танилцуулгадаа онцлов.
Тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн олонх нь Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Иймд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан Улсын нисэхийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг томилох болон улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах эрх бүхий субьектыг тодорхой болгох, улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль- байлдааны, шалгалт-туршилтын нислэг болон Агаарын цэргийн командлалын хуулиар хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тусгасныг Д.Цогтбаатар сайд танилцуулгадаа онцлов.
Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор улсын агаарын хөлгийн ашиглалтын үед осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, нислэгийн ангилал, төрөл тодорхой болох, Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын болон Агаарын цэргийн командлалын энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, боломж, уялдаа холбоо сайжрах зэрэг эерэг үр дүн гарна гэж хууль санаачлагчид үзжээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар санал хэлж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Ингээд Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.