Ясан тоглоом бол хамгийн эко тоглоом
Цэцэрлэгийн багш нар амьтны ясаар хүүхдийн тоглоом болон хөгжмийн зэмсэг хийжээ.
Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Уулбаян суман дахь цэцэрлэгийн багш нар уг цэцэрлэгт явдаг 155 хүүхдэд зориулж, амьтны ясаар янз бүрийн тоглоом болон хөгжмийн зэмсэг хийсэн байна.
Тус цэцэрлэгийн захирал Р. Эрдэнэцэцэг “Ясаар туслах материал, шатар, хөгжмийн зэмсэг гээд маш олон зүйл хийж болдог. Түүнчлэн амьтны яс нь витамин болон кальци агуулдаг тул хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй” хэмээсэн юм.
Хүүхдүүдэд гар аргаар хийсэн, Монгол тоглоом нь маш их таалагдсан төдийгүй, эцэг эхчүүд ч үүнийг өндрөөр үнэлсэн байна.
Уламжлалт тоглоом нь хүүхдийг үндэснийхээ соёлд суралцаж, түүнтэй ойр өсөхөд чухал нөлөө үзүүлдэг. Соёлын өвийн хүрээнд, үндэсний тоглоом бол тухайн соёл болон түүний дотоод мөн чанарыг илэрхийлсэн нэг хэлбэр болдог байна.
Мөн мартагдсан зан заншил, бэлгэдэл, зан үйлээр тогтохгүй, тухайн угсаатны ёс суртахууны хэм хэмжээ , соёлын уламжлалыг танин мэдэх түлхүүр болдог.
Тэд энэхүү тоглоомоороо дамжуулан өөрсдийн уламжлалын дахин давтагдашгүй, цор ганц, өвөрмөц байдлыг харуулахыг зорьсон байна.
Монгол уламжлалт тоглоом нь хөгжлийн үе шат, зорилго зэргээсээ шалтгаалж, хэдхэн материалд хязгаарлагдалгүй, чулуу, мод, хальс, амьтны яс, арьс, цаас, даавуу зэрэг янз бүрийн зүйлсээр хийгдсэн байдаг.
Харин малын ясаар хийсэн тоглоом нь манай хамгийн эртний уламжлалт тоглоом юм. Тэдгээр нь ихэвчлэн хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх зорилготой оньсон тоглоом болон хөгжмийн зэмсэг байдаг билээ.
Мал аж ахуй бол бидний эдийн засгийн гол хөшүүрэг төдийгүй, хамгийн том үнэт зүйл юм. Тиймээс малын яс нь найр наадам, тоглоом наадгай төдийгүй, өдөр тутмын амьдралд ч өргөнөөр ашиглагддаг байсныг гайхах зүйлгүй.
Иймд хүүхдүүдийг хар тугалга зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй Хятад тоглоомоор биш, харин буянт малынхаа түүхий эдээр хийсэн кальци, витаминтай, монгол ёс заншил, уламжлалыг тусгасан ясан тоглоомоор тоглуулах нь тэдний эрүүл мэндэд ч, цаашлаад уламжлалт соёлдоо ч ойр өсөхөд нь тустай юм.
Монголчууд зөвхөн хэрэглэгч биш, үйлдвэрлэгч байж болдгийг харуулсан мөн хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тоглоом санаачлан бүтээсэн хамт олонд баяр хүргэхийн ялдамд, бусад аймаг, хотуудын цэцэрлэгүүд ч мөн хуванцраар хийсэн тоглоомоос татгалзаж, бяцхан үрсээ хамгийн эко тоглоомоор тоглуулж, эрүүл мэндийг нь хамгаалахыг уриалж байна.