Жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Монгол Улсад генерал цол олгогдож эхэлсний түүхт 74 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 27-ны өдөр болно.
Генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулах бөгөөд арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлуудын төлөвлөгөө, хөтөлбөрийг баталж, бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа ажээ.
Одоогоос 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.
Монгол улсын хэмжээнд нийт 170 гаруй генерал цолтон төрөн гарсан бөгөөд өдгөө алтан мөрдөстнүүдийн маань 90гаруй нь амьд сэрүүн бөгөөд ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа харамгүй зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж явна.