Сүүлийн жилүүдэд цахим засаглалыг нэвтрүүлэх ажил эрчимтэй явагдаж байна. Засгийн газар, түүний харьяа яам, агентлаг гээд төрийн бүх шатны байгууллага өөрсдийн мэдээ, мэдээлэл, иргэдэд үзүүлэх үйлчилгээ зэргийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимтэй нэвтрүүлж буй. Тэгвэл энэ ажлыг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас үргэлжлүүлэн түүчээлж, ЭЕШ-ын дүнг цахимаар засах шилэн технологийг амжилттай нэвтрүүлээд байгаа билээ.
Шилэн технологийн туршилтыг энэ удаад Эрдэнэт хотын ирээдүйн эзэд болсон сурагчдын дунд өчигдөр буюу Даваа гарагт зохион байгуулж, улмаар байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг явууллаа. Ингэхдээ жил бүр хэл ам дагуулдаг тестийн нууцлал алдах эрсдэлээс давхар сэргийлж, интернет орчингүй, гар утасны сүлжээ барьдаггүй газарт тусгай багийн мэргэжилтнүүд шалгалтын лацадсан материалыг сурагчдад тараасан юм. Олимпиадад нийт 102 сурагч оролцож, цахим засалтын программын хамгийн өндөр буюу 114 оноог Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагч С.Уранчимэг авч, тэргүүн байр эзлэв. Харин удаах байруудад тус сургуулийн сурагч Т.Цэлмэг 87, А.Мөнхзаяа нар 84 оноогоор орсон юм. Мөн энэ үеэр Орхон аймгийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь чиг баримжаа болгох зорилгоор инженерийн боловсролын CDIO стандартыг хэрэгжүүлэх төрийн өмчийн зургаан их сургуулийн боловсролын экспо үзэсгэлэн гарлаа.
Тоо баримт дурдахад, улсын хэмжээнд ЭЕШ-нд жилд дунджаар 30-40 мянган сурагч бүртгүүлж, дөрвөн шалгалтаас сонгон өгдөг. Улсын хэмжээнд Улаанбаатар хот болон аймаг, орон нутгийн нийт 50 шалгалтын төвөөс хариултын хуудсыг засалтын постод татан авч 20-30 хүнийг тусгаарлан хариултын хуудсыг засагч машинаар уншуулахад доод тал нь 14 хоног зарцуулдаг. Улсын хэмжээнд жил бүр дунджаар 9.000 орчим шалгуулагчид сумаас аймгийн төв дээр ирж ЭЕШ-ын шалгалт өгдөг бөгөөд дүн оноог засаж дуустал 14 хоног хүлээдэг. Дүн оноо гарсны дараа хуваарь сонголтоо хийх гэж бас дахин ирдэг. Энэ үед суралцагч тус бүр орон нутгаас аймгийн төвд ирж, буцах байрлах, хоол, унааны зардалд ойролцоогоор 200 мянган төгрөгийг зарцуулж байна. Өөрөөр хэлбэл энэ нь өрхөд сэтгэл зүйн болон санхүүгийн бодит хүндрэлийг учруулж нийтдээ 1.8 тэрбум төгрөгийн зардал гаргадаг гэсэн тооцоог Боловсролын үнэлгээний төв гаргаад байна.
Энэхүү дэвшилтэт технологи нэвтэрч, шалгалтын дүнг газар дээр нь засч танилцуулдаг болсноор дээрх хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхээс гадна мэдээллийн нээлттэй, ил тод байх зарчмыг хангаж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах бодит боломжийг бүрдүүлэх юм. Энэхүү технологийг улс орон даяар нэвтрүүлэх талаар салбар яамнаас анхаарал тавин ажиллаж байна.