Хамгийн сайхан үгсийг хэлж, хамгийн сайхан амьдраарай
Монголчууд амны билгээс, ашдын билэг гэж ярьдаг нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш ажээ. Учир нь үг гэдэг маш хүчтэй зүйл байдаг бөгөөд ямагт биелэлээ олдог байна.
"Ээжээ"
Үүний том жишээ бол аймшигт ослоос азаар амьд үлдсэн хүмүүсийн дунд нэгэн нийтлэг тохиолдол байжээ. Юу гэвэл, ослын үеэр тэд бүгд “ээжээ” хэмээн аврал эрсэн байна. Учир нь ээж гэдэг үг ертөнцөд хамгийн их давтагдаж, энерги нь хуримтлагдсаар, тарнийн хэмжээнд очсон байна. Тиймээс нэг ёсондоо энэ үгийг хэлснээр, залбирал болон хувирч, аймшигт ослоос олон хүнийг амь хэлтрүүлжээ.
"Шатах"
Өөр нэгэн сөрөг жишээ бол, тоталитар дэглэмээс ангижирч, ардчилал ялсны дараа ганзагын наймаачид ихэсч, “шатах” хэмээх шинэ “нэр томьёо”-г оруулж ирсэн. Наймаа нь алдагдалд орсныг “шатчихлаа” хэмээн байнга хэлснээс тухайн үед их хэмжээний гал түймэр гаран, ой мод олноороо устаж байжээ.
Тиймээс эртний Монголчууд хэлэх үг байтугай, үсгээ хүртэл цэгнэдэг байсан түүх бий. У, Ү үсгийг уруудах, доройтохын билэгдэл гэж үзэн ярианы хэлэндээ “о” “ө” үсгээр орлуулдаг байжээ. Үг хэлэндээ ингэж их ач холбогдол өгдөг тул тэд ямагт билэгтэй сайхан үг хэлэлцэж, өөдрөг сайхныг бодож, муу муухай үг хэлсэн хүүхдээ “хараал хэлсэн хошууг нь халуун төмрөөр хайрна” хэмээн зэмлэдэг байжээ.
Гэтэл одоо дөрөв, тавхан настай бяцхан хүүхэд нь хараалын үг хэлж байхад, өхөөрдөн өөгшүүлж буй эцэг эхчүүд олон болсон. “Хэнээс ийм үг сурсан бэ?" гэж асуухад аав, эсвэл ээж гэж ганц үгээр хариулахад нь л хэлэх үггүй болдог болжээ. Арга ч үгүй биз дээ, өөрсдөө зааж өгсөн тул тэдэнд загнах эрх байхгүй.
Гэвч одоо ч оройтоогүй тул сайхан үгсийг олон давтаж тарни мэт амьдруулаад, өөрийн амьдралаа диваажин шиг болгоорой.