Жимсээр үрж гаргадаг байсан хацрын улааныг лазераар шарж арилгадаг болж дээ
Он цаг улиран одохдоо олон зүйлийг өөрчилдөг нь “гоо сайхан”-ыг ч мөн тойрсонгүй. Нүд, хөмсөг, хамар, уруул гээд бүгд хоорондоо төгс зохицсон, юуг нь ч засч, өөрчлөх шаардлагагүй царайг хөөрхөн царай хэмээн тодорхойлжээ. Гэвч олон зууны түүхийг эргээд харахад энэ тодорхойлолт учир дутагдалтай санагдана. Өөрөөр хэлбэл, хөөрхөн царай гэдэг нь зөвхөн тухайн цаг үеийн хүмүүсийн гоо сайхны талаарх ойлголт, хэмжүүрт тохирсон байхыг хэлдэг гэж болмоор. Үүнийг батлахын тулд түүхийн хуудсаа эргэн сөхье.
Монголын эрт үеийн гоо сайхны хэмжүүр
Чингис хааны үед туяарсан улаан хацартай эмэгтэйчүүдийг гоо хэмээн үздэг байсныг бид мэднэ. Тийм ч учраас тухайн үеийн охид, эмэгтэйчүүд “убчиртай” хэмээх улаан жимсээр хацраа үрж улайлгадаг байсныг Рашид-Ад-Дин-ий “Судрын чуулган”-д дурьдсан байдаг.
Мөн XIV зууны үед Монголын төрийг барьж байсан Элбэг нигүүлсэгч хаан цасан дээр тунасан туулайн цусыг хараад “энэ мэт цас шиг цагаан царайтай, цус шиг улаан хацартай гоо бүсгүй байдаг болов уу” хэмээн хэлж байсан нь тухайн үед ч мөн гоо сайхны энэ хэмжүүр хэвээр байсныг илтгэж байна.
Харин одоо?
“Хөдөөний улаан хацартнууд” гэж хэн нэгэн ярихыг та хаа нэгтээ сонссон л байх. Нэгэн цагт гоо хатдын илэрхийлэл байсан улаан хацар өдгөө хөдөөгийн иргэдийн тодотгол болж, жалга довны үзэлд “хувь нэмэрээ” оруулах болжээ. “Хацрын улааныг арилгана” гэсэн гоо сайхны газруудын сурталчилгаа олон үйлчлүүлэгчийг татаж, жимсээр үрж гаргадаг байсан хацрын улааныг лазераар шарж арилгадаг болжээ.
Гэвч асуудлын гол нь гоо сайхны тухай ойлголт өөрчлөгдсөнд биш, харин цагийн аясаар улиран оддог, хоромхон зуурын шалгуурт хүн төрөлхтөн дэндүү их ач холбогдол өгдөгт байгаа юм.