Ши Жиньпин болон Ким Жон Ун нарын уулзалт Бээжинд боллоо
БНАСАУ-ын тэргүүний айлчлал 3-р сарын 25-аас 28-ны хооронд үргэлжилнэ
БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт Бээжин хотод боллоо. Уг уулзалт энэ сарын 25-28-ны хооронд үргэлжлэх юм байна. Уулзалтын үеэр Ши Жиньпин хоёр улсын харилцааг сайжруулахад Ким Жон Уны айлчлал онцгой нөлөө үзүүлнэ хэмээн итгэж буйгаа хэлжээ.
Мөн “БНХАУ, БНАСАУ-ын хоорондох уламжлалт найрамдлын үндэс суурийг тавьсан, хоёр орны ахмад дээд удирдагчид бол бидний дундын үнэт зүйл юм " гэж тэрээр хэлсэн байна.
БНХАУ-ын Коммунист нам, Солонгосын ажилчдын нам социализмыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин нэмж онцолжээ. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр Ши Жиньпин, Ким Жон Уныг Бээжинд айлчласныг ихэд сайшаасан байна.
Ши Жиньпин, Ким Жон Ун нар дэлхийн нөхцөл байдал болон Солонгосын хойгийн талаархи санал бодлоо солилцсон аж. БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун Пхеньян цөмийн зэвсгээ устгахыг хүсч байгаагаа мэдэгджээ. Мөн тус улсын нөхцөл байдал нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг бууруулах санаачлагын ачаар сайжирч байгааг онцлон тэмдэглэв.
Үүнээс гадна, агентлагийн мэдээлж байгаагаар Ким Жон Ун энэ айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн Ким Жон Ун "Хэрвээ БНСУ болон АНУ бидний Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудалд хариу өгвөл уг асуудал шийдэгдэж, амар амгалан, тогтвортой байдал бий болж болно" хэмээн хэлжээ.
Уулзалтын үеэр Ким Жон Ун болон түүний эхнэр Ли Сол Жу нар Ши Жиньпинийг БНХАУ-ын даргаар улиран сонгогдсонд баяр хүргэсэн байна.