Хүнс, хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар зорьж байна
ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран 2018-2019 онд “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээ, “Давсны зохистой хэрэглээний талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ, хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2018.03.27/ “Бүтээгдэхүүний давсыг багасгах арга” нэртэй онол, дадлагын сургалт “Гүн шим” мэргэжил, сургалтын төвд болж байна.
Сургалтын нээлтэд ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зориулалтын хэлтсийн дарга О.Онон, НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Батжаргал нар болон хоол судлаачид, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон, Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эрүүл хүнс, эрүүл монгол хүн” зорилтыг дэвшүүлсэн гэдгийг онцлоод, ХХААХҮЯ-наас хүн амын эрүүл мэндийг дэмжсэн хүнс, хоол үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталж байна. Өнөөдрийн сургалтад хүнс, хоол үйлдвэрлэгч 29 аж ахуйн нэгж, 60-аад нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байгааг хэллээ.
НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Батжаргалын тухайд давсны илүүдэл хэрэглээ нь зүрх судас, илүүдэл жин, чихрийн шижин зэрэг халдварын бус өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байгааг анхааруулаад, хүн амын давсны хэрэглээг бууруулахад хууль эрх зүйн орчин, иргэдийн хүнсний талаарх мэдлэг, дадал хэвшил чухал нөлөөтэй. Хүн өдөртөө ихэвчлэн цайны цагаараа, чөлөөт цагаараа ресторан, зоогийн газруудаар үйлчлүүлэх нь элбэг. Мөн хүнсний бэлэн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоолны 83-86 хувь нь “хэт их давстай“ байна. Тиймээс хүнс, хоолонд агуулагдах давсны хэрэглээг бууруулахад хүнсний технологич, тогооч та бүхний оролцоо маш чухал болохыг оролцогчдод хандан илэрхийлсэн юм.
Энэхүү хүнсний технологич болон тогооч нарт зориулсан сургалтаар Монголчуудын давсны хэрэглээг бууруулах үндэслэл, шаардлага, хоолны давсыг орлуулах аргууд, давсыг орлуулж болох бүтээгдэхүүнүүд, давс багатай хоолны цэс зэрэг сэдвээр хичээл зааж байна. Сургалтад Бродвэй, Модерн номадс, Шөлөндө, Зочин бууз, ДЦС-4 ХК-ийн “Эрчим” зэрэг сүлжээ ресторан, зоогийн газрын ахлах тогооч нар, Хаан хүнс, Атар өргөө, Өгөөж, Мах импекс, Хүн-Од, Хүнс комплекс, Мах маркет зэрэг хүнсний үйлдвэрийн технологичид хамрагдаж байна.
Эрдэмтдийн судалгаагаар үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс хүн хоногт хэрэглэх давсныхаа 77 хувийг авч байна. 12 хувийг сүү, мах, жимс зэрэг бүтээгдэхүүний агууламжаас, үлдсэн 11 хувийг хүн өөрөө хоол, цайндаа хийж, хэрэглэдэг байна. Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан Хүнсний эрх зүйн комиссоос хүн амын хоол, тэжээлийн горимыг зааж өгдөг.
Тус комиссоос хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах давсны агууламжаар давсгүй, маш бага давстай, давс багатай, дунд зэргийн давстай, давс ихтэй бүтээгдэхүүн гэж 5 ангилдаг байна. Хэрэв 100 грамм тутамдаа 0,6-1,5 грамм натри агуулж байвал давс ихтэй бүтээгдэхүүн гэж үзнэ гэдгийг сургалтын үеэр НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг хэлж байлаа.
2013 оны НЭМҮТ-ийн судалгаагаар Монгол хүний давсны дундаж хэрэглээ хоногт 11 грамм байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмжөөс 2 дахин их үзүүлэлт юм. Ер нь хүн хоногт 5 граммаас ихгүй давс хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндээ хамгаалж байгаа хэрэг. Хэрэв зохист хэмжээнээс хэтэрвэл бөөрөнд ачаалал өгч, артерийн даралт ихсэх, улмаар тархинд цус харвахад нөлөөлж байна. Давс их хэрэглэх нь хеликобактери үүсэх таатай орчин болдог гэж олон улсын байгууллагын судалгаа тогтоожээ.
Давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийн хэмжээнд жилд 1.7 сая хүн зүрх судасны өвчлөлийн шалтгаанаар нас барж байна. Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж байгаа нь дэлхийн хүн амын нас баралтаас 6 хувиар өндөр байна. Үүний нэг шалтгаан нь илүүдэл давсны хэрэглээтэй холбоотой. Тиймээс давсны хэрэглээгээ багасгах, лимон, цагаан гаа, яншуй, сонгино, сармис, чинжүү, базила зэрэг бүтээгдэхүүнээр түүнийг орлуулах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайн хүний хоногт хэрэглэсэн давсны хэрэглээг шээсэн дэх натри хэмжээгээр тогтоодог байна.
“Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (2015-2025)-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30 хувь, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс, хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар тус тус заажээ. Ийнхүү хүнс, хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, хүн ам, олон нийтийн давсны зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх замаар давс багатай хүнс болон хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой сургалт үргэлжилж байна. Энэ сарын 31-нд цэцэрлэгийн эрхлэгч, эмч, тогооч нарт зориулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.