Төрийн алба төрлийн алба болсны уршиг
"Дэлхийн долоон гайхамшиг"-ийн нэг, 6000 гаруй км урттай Хятадын Цагаан хэрмийн түүхийг та мэдэх үү?
Уг хэрмийг анх МЭӨ III зуунд эх суурийг нь тавьж, МЭ XVII зуунд барьж дуусгасан аж. Бүтэн 20 шахам зууны турш Хятадын төрийг барьсан хаад үүнийг хэрэггүй хэмээн нурааж, устгасангүй, харин ч нэмж барьсаар ийнхүү жуулчдыг татсан их Цагаан хэрэм сүндэрлэжээ. Энэ их бүтээн байгуулалтын нууц нь чухамдаа нэг хааны бодлого дараагийн хааны үед “цавчигдан” таслагдаагүй, үргэлжлэн хэрэгжсэнд оршино.
Энэ аргыг орчин үед Монголын хөрсөнд буулгавал аливаа нэг салбарт зөв бодлого санаачлан, түүнийг удирдагч албан тушаалтан хэн байхаас үл шалтгаалж, урт удаан хугацаанд хэрэгжүүлэх явдал юм.
Төрийн албан хаагчид халаа, сэлгээнд ихээр өртөж байна
Гэтэл өнөөдөр Монголын нийгэмд аливаа салбарын ажил тууштай хэрэгжих нь байтугай, тогтвортой зүйл ч үгүй болжээ. Тэр тусмаа төрийн байгууллагад. Засгийн газар солигдох бүрт төрийн албанд халаа сэлгээ ихээр явагдаж, хууль бус томилгоо нэмэгддэг.
Тухайн ажилдаа дасаж, мэргэшиж байгаа ажилтан шалтгаангүйгээр халагдан, шинэ хүн ирээд арга барилаа олох гэсээр удна гээд сөрөг үр дагавар барагдахгүй. “Тогтвортой ажлын байр” ТББ-аас мэдээлснээр 2016 оны сонгуулийн дараа, зохих хууль тогтоомжийн дагуу тавьсан шаардлагад нийцсэн, мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай 25-55 насны төрийн албан хаагчид халаа сэлгээнд өртсөн байна.
Үндэслэлгүй халагдсаны нөхөн төлбөрийг улс төлдөг
Өнгөрсөн оны арвваннэгдүгээр сарын байдлаар л гэхэд 10 мянга орчим төрийн албан хаагч халаа, сэлгээнд өртсөн бөгөөд энэ талаарх өргөдөл гомдол сонгуулийн дараа эрс нэмэгддэг байна. Хэрвээ үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдвол нөхөн төлбөр олгон, заримдаа нэг ажлын байр дээр хоёр хүн цалинжуулдаг аж.
Харин энэ мөнгийг улсын төсвөөс гаргадаг. Ямар нэг даргын буруу шийдвэрийн уршгаар учирсан хохирлыг дарга биш, улс төлж байгаа нь дэндүү шударга бус хэрэг юм. Өмнөх оны төсвийн тодотголд ажлаас хууль бусаар халагдсаны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн төлбөрт 1 тэрбум 282 сая төгрөг төсөвт тусгасан байна.
Гарах гарцыг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй
Юуны өмнө төрийн жинхэнэ албан хаагчийг томилж, чөлөөлөх ажлыг Засгийн газрын гишүүн эрхэлж байгаа нь энэ нөхцөл байдлыг бүрдүүлээд зогсохгүй, үүний улмаас иргэдэд учирсан хохирлыг улсын мөнгөнөөс өгч байгаа нь тэднийг “өөгшүүлэхэд” хүргэж байна.
Тиймээс хууль бус шийдвэр гаргасан хүний хариуцлагыг улс биш өөрөөр нь хүлээлгэх, мөн шинээр томилогдсон даргад тухайн байгууллагын хөдөлгөж болох төрийн албан хаагчийн хязгаарыг тогтоох зэргээр энэ асуудлаас гарах гарцыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ талаар олон хүн санаачилга дэвшүүлснийг нэн даруй хэрэгжүүлэхгүй бол төрийн алба төрлийн алба болж улс орны удирдлага нэг айлын гал тогооны асуудлаас хэтрэхгүй болох төлөвтэй. Энэ мэт төрийн албаны үйл ажиллагаа тогтворгүй байхад тогтвортой хөгжлийн талаар яриад ч хэрэггүй биз ээ.