БХБ-ын сайд түрээсийн орон сууцны барилгын ажлыг дуусгахаар яаравчилж эхэлжээ
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, сайдын зөвлөх Л.Ганбаатар нар баригдаж дуусаагүй байгаа “Буянт-Ухаа 2” хорооллын дуусаагүй 18 барилга угсралтын ажлын явцтай танилцсан юм. 972 айлын орон сууцны барилга угсралтын ажил 2014 онд эхэлсэн боловч 2016 оны 5 дугаар сард санхүүжилтгүйн улмаас зогссон. Уг барилга ашиглалтад орсноор 972 айл өрх түрээсийн орон сууцанд хамрагдах нөхцөл бүрдэх ба барилгын яамны зүгээс барилгын ажлыг цааш үргэлжлүүлж дуусгахыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. Барилга, хот байгуулалтын сайдын зүгээс түрээсийн орон сууц хөтөлбөрийг тасралтгүй үргэлжлүүлэх талаарх холбогдох хөрөнгийн эх үүсвэр, судалгааны ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж, удахгүй үр дүнг эргэж танилцуулах болно гэдгээ хэллээ.