УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдов
МҮБХ-ны Наймдугаар “Их Эе” хурал өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гаригт Монгол бөхийн өргөөнд болсон юм. Шөнийн 00:02 цаг хүртэл үргэлжилсэн уг хурлаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний албан тушаалд дархлагдсан байсан Р.Нямдоржийг сольж УИХ-ын гишүүн, Дархан аварга, Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнэ хэмээх шинэ тэргүүнтэй боллоо.
Наймдугаар "Их Эе" хурлын үеэр Р.Нямдорж МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд МҮБХ-ны тэргүүнийг сонгох өрсөлдөөнд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүлсэн. Харин эдгээр нэр дэвшигчдээс Б.Бат-Эрдэнэ аваргаас бусад нь нэрээ татсанаар Дархан аварга өрсөлдөгчгүй сонгогдов.
Ингээд түүнийг сонгох санал хураалтад 143 төлөөлөгч саналаа өгснөөс гурван санал хүчингүй болж, 140 санал дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүнээр сонгогдлоо.
Харин МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг шүүмжлэн үндэсний бөхөд шинэчлэл хийж, удирдлагын багийг сайн ажиллуулах талаар санал бодлоо илэрхийлдэг УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат өөрөө нэр дэвшүүлээгүй юу, эсвэл түүний нэрийг хурлын төлөөлөгчид МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшүүлсэнгүй юу ямартай ч тэр оролцсонгүй. Хэрвээ хурлын төлөөлөгчид түүний нэрийг дэвшүүлээгүй бол МҮБХ шинэчлэгдэж байгаа нь эргэлзээ дагуулж байна.