Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрөгч даваа гаригийн орой "Цензургүй яриа" нэвтрүүлэгт ярицлага өгөх үеэрээ "Манай улсаас хилийн чанадад хууль бусаар байршсан хөрөнгийг буцаан авахад заавал эрх зүйн харилцан туслалцах гэрээ байх шаардлагагүй байсныг дөнгөж сая би АНУ явахдаа мэдэж ирлээ. Манай АТГ, Прокурорын байгууллагын удирдлагууд Ерөнхийлөгч бид хоёрын толгойг эргүүлж, худал мэдээлэл өгч байсан байна" гэж хэлсэн билээ.
Маргааш нь буюу мягмар гаригаас эхлэн энэ талаар шуугиж, ажлаа хийж чаддаггүй гэж байнга шүүмжлүүлдэг Авлигатай тэмцэх газар "муу дээрээ муухай, муухай дээрээ улцан" болж улам шүүмжлүүлсэн. Ялангуяа ажлаа хийж чадахгүйн дээр худлаа ярьж явдаг юм байна гэх хандлага төрсөн.
Яг энэ яриа дэгдэх үеэр Авлигатай тэмцэх газар "Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цензургүй ярихдаа ташаа зүйл олон ярьсан байна. Чухам юу гэж ташаарсан талаар маргааш тодорхой тайлбар өгөх болно" гэж их л пээдгэр жиргээг твиттерт нийтэлсэн.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ам нь халаад бага сага асуудал дээр андуу ташаа ярьсан байж болох ч авлигатай тэмцэх гээд чадахгүй байгааг газрын ажлыг тун амарханаар тайлбарлачихсан нь зарим хүмүүсийн эгдүүг хүргэсэн бололтой.
Мөчөөрхсөн, пээдийсэн бас мэргэжлийн байр суурьнаас асуудалд хандаж байгаа юм шиг хариулт, ярилцлага гарчээ. Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямын ярилцлага Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг "попорсон" гэх ойлголтыг төрүүлж байна.
Үнэндээ Авлигатай тэмцэх газар ажлаа хийж чадахгүй байгааг олон нийт бүгд хэлнэ. Иймийн атал ажлыг нь зааж, амарчилсан хүнийг няцаах гэж 2-3 өдрийн ажил болж, хугацаандаа ч амжаагүй ярилцлага гаргажээ.
Ерөнхийлөгчийн дэргэдэх АТГ гэдэг ч даргыг нь Ерөнхийлөгч дангаар бус УИХ-аар оруулж баталдаг. Одоогийн даргыг МАН баталсан агаад тиймдээ ч АН-ын Ерөнхийлөгч болон түүний тамгын газрын даргад томорч байгаа бололтой. Энэ бүгдийг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тооцоолж, МАН дахь өөрийн холбоотонтой тохирсон гэлтэй үйл явдал өрнөж байна.
Тиймээс л Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржийг шалгаж чадахгүй, АТГ хөдөлж Н.Энхбаяр шиг Ц.Элбэгдоржийн эсрэг ажиллахгүй байгаа болтой.
Саяхнаас Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар АТГ-ын даргыг солих асуудал дээр санал нэгдэж, У.Хүрэлсүх УИХ дахь өөрийг нь дэмжих хүмүүсийг бүрдүүлж эхэлсэн тухай яриа гарсан. Гол асуудал нь, АТГ-ын дарга, удирдлагыг солих солихгүйдээ биш ажлыг нь хийлгэж, авлигачид оффшорчдын улсаас хулгайлсан мөнгийг эргүүлж авчрах явдал юм.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газар нь хүчирдэггүй, ингээд ажлаад өгөөч гээд заах ч эрхгүй АТГ гэдэг байгууллагыг урагш нь олигтойхон хөдөлгөмөөр байна. Ингэхэд ташуур бас хэрэгтэй бололтой.