“Аудитын шалгалт” гэсэн нэр томьёо манай улсад шинэхэн мэт сонсогддог ч Монгол Улсын үндэсний аудитын газрын түүхэн замналыг сөхвөл энэ салбарын үүсэл хөгжил нь 1922 оноос эхтэй. Харин хөгжил дэвшлийн замналыг нь харвал 1990-ээд оноос аудитыг хөгжүүлэх эх суурь тавигдсан гэдэг. Үндэсний аудитын газрын үүсэл хөгжил гэвэл 2003 онд Төрийн аудитын тухай хууль батлагдсанаар Улсын Их Хурал Үндэсний аудитын газрыг үүсгэн байгуулсан байдаг. Энэ өдрүүдэд хот, хөдөөгийн аудитын байгууллагынхан “Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны сургалт семинар, зөвлөгөөн”-ийг хоёр өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, хот, хөдөөгийн аудитын байгууллагын удирдлагууд, ахлах мэргэжилтнүүд оролцож, санал бодлоо солилцож, дотоод асуудлуудаа хэлэлцсэн юм.
Төсвөө зөв зарцуулж, зардлаа танахыг сануулав
Төрийн аудитын байгууллагын хувьд 2017 оныг сахилга хариуцлага, эрхзүйн шинэтгэлийн жил болгосон. Тиймээс эхний өдрийн хуралдаанд тус салбарынхан өнгөрсөн жилийнхээ үйл ажиллагааны үзүүлэлтүүд, өссөн гүйцэтгэсэн аудитын нэр төрөл, үр өгөөжөө дүгнэн хэлэлцсэн юм. Харин хоёр дахь өдрийн хурлаар энэ онд хийж хэрэгжүүлэх ажлууд, цаашид байгууллагын болон тогтолцооны шинэчлэлийн хүрээнд өөрчлөх шинэчлэх, анхаарах зарим асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, хөдөө орон нутгаас ирсэн удирдлагуудын олонх нь аудитын байгууллагын төсөв тооцоо, машин техникийн хүрэлцээ хангамж, шинжээчийн зардал, мэргэжлийн төсөвчин нэмж ажиллуулах тухай саналыг хэлж байв. Энэ бүхний хариуд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хэлэхдээ “Эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед машин тэрэгний асуудлыг тухайн орон нутгийнхаа засаг захиргааны байгууллагатай хэлэлцээд шийдвэрлэх боломжтой. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал ирэх оноос энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэдгээ хэлж байв. Тэр дундаа Төрийн аудитын байгууллагынхан энэ онд Монгол Улсын нийгэм эдийн засагт нөлөөлөх томоохон төсөл хөтөлбөрүүдэд аудит хийж, тэдгээрийн үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Улс орны хөгжлийг илтгэх чухал салбарууд болох стратегийн орд эзэмшигчид, алтны компаниуд, концессийн гэрээнүүдэд аудит хийж, Засгийн газартай хийсэн гэрээний үүргээ биелүүлж байна уу, улсын эдийн засагт үр өгөөж өгч байна уу гэдгийг шалгана гэв. Мөн “Оюутолгойг шалгах ажлын хүрээнд Дубайн гэрээнд аудит хийнэ. Дараа нь Тавантолгойн орд газруудад иж бүрэн аудит оруулна. Энэ мэтчилэн зардал ихтэй томоохон ажлуудыг хийх учраас байгууллага тус бүр үйл ажиллагаагаа сайн төлөвлөж, зардлаа хэмнэж төсвөө зохицуулаарай гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар онцгойлон сануулж байв.
Аудитын байгууллагын орон тоог нэмэх боломжгүй
Энэ удаагийн “Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны сургалт семинар”-т Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн оролцож, аудиторуудын сонирхсон асуултад хариулт өгсөн нь зөвлөгөөний бас нэгэн чухал хэсэг байв. Тэрээр Төрийн аудитын байгууллага 2003 онд үүсч байгуулагдсан цагаас хойш давхардсан тоогоор нийт 51.813 аудит гүйцэтгэж, 10 их наяд 479.6 тэрбум төгрөгийн зөрчлийг залруулж, улс эх орны төсөвт 226.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж ажилласан байна. Сүүлийн жилүүдэд ажиллагсдын хариуцлагын тогтолцоог сайжруулах, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, чанарыг сайжруулахад санаачлагатай ажиллаж байгааг сайшаав.
Мөн зөвлөгөөнд оролцогсдод энэ оны төсөв хэрхэн батлагдсан, цаашид ямар бодлого баримталж ажиллаж байгаа талаарх мэдээллийг дуулгасан юм. Тэрээр хэлэхдээ
“Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангах үүднээс хийж байгаа өөрчлөлт шинэчлэлтүүдийг цаг тухайд нь УИХ, Байнгын хороонд хүргүүлж ажиллалаа. Та бүхний ирүүлсэн санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороо боломжийнхоо хэрээр дэмжиж ажиллах болно” гэв. Мөн Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцэгдэж дэмжигдсэн төсвийн төслийг хасаж танахгүйгээр улсын төсөвт суулгаж өгөхийг холбогдох байгууллагуудын зүгээс анхаарч ажиллана. Харин төрийн аудитын байгууллагууд ажлын тайлангаа цаг тухайд нь холбогдох байнгын хороонд хүргүүлж байх хэрэгтэй. Цаг хугацаа нь хэтэрсэн ажлын тайлангууд дараа дараагийн ажлын гүйцэтгэлд хүндрэл учруулж байгааг анхааруулсан юм.
Боловсон хүчин нэмэх тухайд “Олон улсын валютын сантай байгуулсан гэрээний дагуу 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гээд үүрэг хүлээчихсэн байгаа учраас орон тоог нэмэх боломжгүй байгаа” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Санхүүгийн хууль тогтоомжуудыг боловсронгуй болгоё
Зөвлөгөөний үеэр хэлэлцсэн чухал асуудлуудын нэг нь хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох тухай байв. Учир нь манай улсад хэрэгжиж буй зарим хууль тогтоомжуудын зүйл заалт нь хэт хуучирсан, амьдрал дээр хэрэгжих боломжгүй байгаагаас үүдэн хууль зөрчих нөхцөл бүрдэж байна гэдгийг албаныхан хэлж байв. Тухайлбал, хараат бус аудитын компанийг тендер зарлаж сонгон шалгаруулах, зөвшөөрөл олгох эрхийг нь олгох, аттестачлах, гэрчилгээжүүлэх асуудлыг дахин судалж үзэхыг хүсэв. Мөн төрийн албан хаагчдын урамшууллын асуудлыг дахиж нягтлах, түлээ нүүрсний урамшуулал гэхэд л орон сууцанд амьдардаг иргэдэд хүртэл олгосон байх жишээтэй. Энэ мэт асуудлыг нягталж үзээч. Боловсон хүчний тоог нэмэх боломжгүй бол гэрээт аудиторуудыг авч ажиллуулах тал дээр анхаарч үзээч гэдгийг хэлж байв. Түүнчлэн санхүүгийн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгомоор байна. Жишээ нь, төрийн байгууллагынханд шинэ жил тэмдэглэх зардал мөнгө, ахмад настнууддаа зориулах мөнгө төсөвт нь суудаггүй. Гэтэл байгууллага болгон шинэ жил тэмдэглэж, ахмад настнуудаа хүлээж авдаг. Үйл ажиллагааныхаа зардлыг “Цаг үеийн бус зардалд зарцуулав” гэж тусгаад аргалаад зохицуулчихдаг. Аймаг, орон нутгийн Засаг дарга нарт гардаг нийтлэг зөрчил нь Засаг даргын нөөц хөрөнгөтэй холбоотой асуудал байдаг. Тиймээс санхүүгийн хууль тогтоомжуудыг дунд, доод шатанд нь боловсронгуй болгож өгөх хэрэгтэй байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдад зохих хэмжээний эрх мэдлийг нь өгөхгүй бол зөрчил нь даамжраад, нуугдмал байдлаар гардаг болоод байна. Зарим хуулийн заалтууд нь өөрөө зөрчил үүсгэх шалтгаан болоод байна гэдгийг хэлж байв. “Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны сургалт семинар, зөвлөгөөн”-өөр хот, хөдөөгийн аудитын байгууллагын удирдлагууд салбартаа тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж, чиг баримжаа, цаашдын зорилтоо тодорхойлсон юм.
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин