Гадаад харилцааны яам, Дэлхийн банк группийн гишүүн Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллахаар тохиролцов
Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн биелэлтийг хангах, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгүен нар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн портал байгуулах (Trade Information Portal), Худалдаа хөнгөвчлөх үндэсний хорооны үйл ажиллагааг дэмжих, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй болон малын эрүүл мэндийн сайн дадал нэвтрүүлэх, үндэсний болон олон улсын шаардлагуудыг хангахад чиглэгдсэн дүрэм, журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг тусгасан.
Гадаад харилцааны яам нь Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үндсэн байгууллагын хувьд энэхүү санамж бичгийг Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацтай байгуулав.