С.Баярцогтын Швейцарийн банкин дахь нууц хөрөнгөтэй холбоотой асуудал дахин сөхөгдлөө. Түүний нэр дээрх дансыг Швейцарийн Дээд шүүх битүүмжилсэн. Битүүмжлэгдсэн Швейцарийн банкин дахь хэд хэдэн данснуудыг үлдэгдэл 1.85 сая ам.доллар байгааг албаныхан хэлэв.
Албан эх сурвалжийн мэдээлэл дээр эдгээр данснуудын нэг болох С.Баярцогтын нэр дээрх дансанд түүнийг Сангийн сайдаар томилогдож, Оюутолгойн гэрээг хийх үеэр 10.1 сая ам.доллар орж ирсэн гэв.
Энэ мэт тодорхой баримт байсаар атал манай хууль хяналтын байгууллагууд ажлаа хийхгүй, гаднынхан бидний өмнөөс ажлыг маань хийж байна.
Ер нь дан ганц С.Баярцогт ч гэлтгүй Монголын төрөөс хулгай хийсэн нөхдүүд харийн оронд тансаглаж байгааг тэндэх монголчууд хэлдэг .
Тухайлбал, С.Баярцогттой хамт Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д маш өндөр үнэтэй 7 хаус худалдаж авсан.
Мөн тухайн үед Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт ч ялгаагүй Оюутолгойн гэрээсээ хүртсэн "хувиа" үрэн Европт маадгар байгаа сураг дуулдана лээ.
Үүнээс гадна 2012-2016 онд АН-ыг засаг барьж байх үед Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Худалдаа хөгжлийн банкны угшилтай Н.Золжаргал ч мөн Австрийн иргэн болж, тэндээ амьдарч байгааг эх сурвалжууд хэлсэн.
Н.Золжаргалын хувьд маш олон асуудалд нэр холбогдож, хувь хүний ёс зүйн доголдол нь түүнийг 20 гаран насны залуухан охидтой Сингапур, Хонконгийн тансаг зочид буудлуудад хоноглодог тухай мэдээллээр түгж байв.
Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа их хэмжээний мөнгө хэвлэж инфляци өсгөсөн, долларын ханш "тэнгэрт хадаасан", Монголбанкны эрх үүргийг уландаа гишгэж улстөрийн нам болон бизнесийн бүлэглэлийг санхүүжүүлсэн гэж шалгах гэдэг ч улстөрийн хүрээн дэх танил талаараа ял завшсаар.
Энэ мэтчилэн тоочоод дурдаад байвал дуусахгүй их хулгай, басамжлал олон нийтийн нүд чихнээс холуур хийгдсэн .
Манай урд хөрш Хятадад Ши Жиньпин төрөөс хулгай хийсэн, авлига авч гадагшаа зугтсан нөхдүүдийг гаднын улс орноос баривчилж ирж хөрөнгийг нь хурааж, хийсэн хэрэгт нь тохирсон ялыг нь үүрүүлэхийг ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнийг “Үнэгний ав” гэдэг. Манайд яг ийм ажиллагаа явуулж, С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Н.Золжаргал тэргүүтэй хил давж зугтсан олон зуун этгээдийг шударга шүүхийн өмнө авчирч, хуулийн хариуцлага хүлээлгэх цаг нь болжээ.