Ерөнхийлөгчийн тамгын газар VS Авлигатай тэмцэх газар
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнгөрөгч даваа гаригт "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо олон ноцтой сэдвийг хөндөж ярьсан билээ. Ялангуяа Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа тун хангалтгүй байгаа талаар дурдсан. Тэгвэл АТГ-аас "Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цензургүй ярихдаа ташаа зүйл олон ярьсан байна. Чухам юу гэж ташаарсан талаар маргааш тодорхой тайлбар өгөх болно" гэж өчигдөр твиттерт жиргэлээ.
Тэгэхээр АТГ-аас өнөөдөр ямар тайлбар хийхийг харах үлдлээ. Үүнээс өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгч нарын авлигын асуудалтай холбоотой багагүй зүйлийг дэлгэн ярьсны дараа Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс түүнд шаардах бичиг хүргүүлсэн. Гэсэн ч ШЕЗ-ийнхөн "амаа таглуулаад" байгаа бөгөөд Х.Нямбаатар гишүүн тун удахгүй 5 настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөгтэй, өөрийнхөө дансанд 1 сая ам.долларын хөрөнгөтэй шүүгчийн нэрийг зарлана гэдгээ мэдэгдсэн юм.
Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд болон АТГ-ын дарга Х.Энхжаргал нарын хэн нь хэнийхээ "амыг таглах"-ыг тун удахгүй олон нийтэд ил болно.
Ер нь манайд ажил хийж чадахгүй ч албан тушаалтайгаа үхэн хатан зууралддаг байдал газар авсан. Энэ байдалд салхи оруулж буй Х.Нямбаатар, З.Энхболд нарын эхлүүлсэн шинэ эхлэл нийгэмд өөрчлөлтийн аянг өрнүүлээд байна.