АН: С.Баярын Засгийн газрын авилгын хэргийг цаг алдалгүй шийдвэрлэхийг шаардаж байна
Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа Эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхэр нотлогдсон бол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж Ардчилсан нам үзэж байна.
С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд тархлаа. Дээрх мэдээллийн үнэн зөвийг албан ёсоор тодруулахаар Ардчилсан намаас Швейцарийн Холбооны Улсын прокурорын газарт албан ёсоор тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас Рио Тинто компанитай байгуулсан гэрээг эргэж харах зайлшгүй нөхцөл үүсэж болзошгүй юм.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүд болон Монголын улс төрчидтэй холбоотой офшор данс, авилга хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлыг нэг мөр болгон цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас Ардчилсан нам хариуцлагатайгаар шаардаж байна.
Ардчилсан нам