Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шаардлага хүргүүллээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байсан ч уг албан бичгийг өнөөдөр буюу 2018 оны 3-р сарын 20-нд хүлээн авч зохих хариуг илгээж байна.
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд
Монгол Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаархи хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой.
Миний бие 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр "С1" телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна.
Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, авлигатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын Их хурлын гишүүн Х.Нямбаатар
Үүнээс өмнө ШЕЗ-өөс УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.