С.Баярцогт Монголоос урвасныхаа төлөө 10 сая ам.доллар авсан эсэх тодорхой болно
Швейцарь Улсын Холбооны шүүх Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогт болон Оюутолгойн орд газрыг ажиллуулж буй "Рио-Тинто" компанийн хоорондох авлигын асуудлыг батлах хэд хэдэн банкны дансыг битүүмжилжээ.
Швейцарь Улс дахь эдгээр данснуудын нэгд 9.62 сая швейцарь франк буюу 10.1 сая ам.доллар орж байсан бөгөөд үүний эзэмшигч нь С.Баярцогт аж .
Сэжигтэй нь, С.Баярцогт 2008 онд Монгол Улсын Сангийн сайд болсныхоо дараахан Швейцарийн банкинд нууц данс нээлгэсэн ба 10.1 сая ам.доллар орж ирсэн хугацаа Оюутолгойн гэрээтэй давхцаж байгааг Швейцарийн албаныхан мэдээллээ.
Тухайн үед С.Баярцогт Монгол Улсын Сангийн сайдын хувиар Оюутолгойн гэрээн дээр гарын үсэг зурсан. Ингэж гарын үсэг зурсныхаа шанд дээрх мөнгийг авсан гэж одоог хүртэл яригддаг.
Энэ нь ч үнэний ортой байсныг Швейцарийн албаныхан баталж байна. Учир нь, Монгол дахь Рио-Тинтогийн уурхайтай холбоотойг батлах банкны данснуудыг битүүмжиллээ гэж мэдэгдсэн. Тэрхүү битүүмжилсэн данснууд С.Баярцогттой холбоотой гэдгийг ч мөн ил тодоор мэдээллээ.
Одоогийн байдлаар С.Баярцогт тэргүүтэнгүүд ул мөрөө сайтар баллаж, мөнгөө татсаны улмаас дээрх данснуудад ердөө 1.85 сая ам.доллар л байгаа юм байна .
Гэхдээ их хэмжээний мөнгө С.Баярцогтын нэр дээрх дансанд хаанаас орж ирсэн нь тодорхой байгаа учир Швейцарийн Дээд шүүх түүний данснуудыг битүүмжилж, шалгаж байна гэх мэдээллийг өгөв бололтой.
Эс бөгөөс хувь улстөрчийн цаашлаад улсын нэр хүндэд халдсан хэрэг болно. Ийм ч учраас Швейцарийн тал бүх зүйлийг хууль журмын дагуу шат дараатай явуулж байна. Тиймээс тун удахгүй С.Баярцогтыг Монгол Улс, Монголын ард түмнээс урваж, Төрд ашиггүй гэрээ хийснийхээ төлөө 10 сая ам.доллар авсан нь тодорхой болно .
Швейцарийн Ерөнхий прокурорын газраас С.Баярцогттой холбоотой данснуудыг 2016 онд анх удаа битүүмжилж шалгаж эхэлсэн агаад өнөөдрийн байдлаар Швейцарийн Дээд шүүх, Прокурорын газрын шийдвэрийг зөв байсан гэдгийг баталж, битүүмжлэх шийдвэр гаргасан нь нэг гараар шуудагдуулчихсан байсан С.Баярцогт хоёр гараар шуудагдуулан хав барьцанд орж хаашаа ч хөдлөх боломжгүй болсон гэсэн үг юм. Нөгөө талаас С.Баярцогт ямар ч барьцгүй улам шахуулж ойчиход бэлэн болжээ. Түүний хүчтэй уналт Рио Тинто мэтийн гаднын томоохон уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаа явуулахдаа улстөрчдөд нь авлига өгч, Засгийн газрын эрх мэдлийг бууруулдаг байдлыг таслан зогсоох бололтой. Яагаад гэвэл Швейцарийн шүүх дээр С.Баярцогтоос гадна Монголын хэд хэдэн улстөрчтэй холбоотой авлигын хэрэг хянагдаж байгаа юм байна.
С.Баярцогтын хувьд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын мэдээллээр оффшор данстай болох нь илчлэгдээд, үүнийхээ улмаас 2013 онд УИХ-ын дэд даргын албан тушаалаас огцорч, УИХ-ын гишүүний албан тушаалаа авч үлдэж байв.
Харин энэ удаад АНУ-д "орогнож" буй "мөсөн уулын орой" гэгдэх С.Баярцогтоор дамжуулан Монголын оффшорчид, Швейцарьт хууль бусаар олсон орлогоо нуусан цагаан захтнууд зэрэг эх орноо ард иргэдтэй нь худалдаж ашиг олсон улстөрчдийг бүхлээр нь илрүүлэх бололтой.