Н.Цэрэнбат: Эко төлбөрийн тухай хууль батлуулж, хог дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжинэ
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдтэй танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо. Түүнийг дагалдан Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны төлөөлөгчид явсан юм.
Хог дахин боловсруулдаг жижиг оврын 16 үйлдвэр Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр үйлдвэрт тулгамдаж буй асуудал нь түүхий эдээ ангилан ялгах гэдгийг үйлдвэрлэл эрхлэгчид дуу нэгтэйгээр хэлж байсан юм. Тиймээс иргэдийг хогоо ялгаж хаядаг болгох дадал, зуршилд сургах нь төрөөс хог хаягдал дахин боловсруулагчдад үзүүлэх томоохон дэмжлэг болно гэдгийг ч энэ үеэр дуулгасан.
Иргэд хогоо ангилж хаядгүйгээс болж үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй
Бидний эхэнд орсон “Мог пластик” ХХК нь хаягдал хуванцарыг ангилан ялгаж, хагас боловсруулсан үрэл, сан техникийн хуванцар хоолой, жижиг оврын хогийн сав үйлдвэрлэдэг. Жилд 1200 тонн хуванцар хаягдлыг бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай ч хүчин чадлынхаа 30-40 хувийг л ашигладаг байна. Энэ нь түүхий эдээ ялгаж, ангилах асуудлаас үүддэг гэнэ. Мөн улсаас татварын хөнгөлөлтөд хамруулахаас эхлээд импортын ижил төрлийн бүтээгдэхүүнд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг зохистойгоор авч хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг тус компанийн захирал Д.Ган-Эрдэнэ хэлж байсан юм.
Хаягдал картон цаас дахин боловсруулж, сав, баглаа боодол үйлдвэрлэдэг “Сайн цаас” ХХК-ийн хувьд өдөрт 20-25 тонн цаас үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн л түүхий эдээ ялгаж, ангилах нь асуудал болоод байгаа учир иргэдийг хогоо ангилж хаяхыг уриалж байсан. Тус компанийн хувьд өртэй гэдэг шалтгаанаар төрийн байгууллагууд дансыг нь хаах зэргээр бэрхшээл учруулдаг асуудалд анхаарлаа хандуулахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас хүслээ.
Вакум цонхны хаягдлаар хуванцар хоолой үйлдвэрлэдэг “Тэр их нуур” ХХК-ийн үйлдвэр барих газрыг Нийслэлээс шийдэж өгсөн бөгөөд энэ нь төрийн зүгээс хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж буйгийн нэг илрэл гэдгийг тус компанийн захирал Р.Чулуунхүү хэлж байлаа. Хаягдал хуванцар, гялгар уут дахин боловсруулж тохижилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Сан-оргиу” ХХК, автомашины хаягдал дугуй дахин боловсруулж, резинэн хавтан үйлдвэрлэдэг “Инахис” ХХК-ийн захирлууд төрөөс худалдан авалтыг дэмжээд өгвөл бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.
“Инахис” ХХК нь байгуулагдаад 9 жил болохдоо 8 сая хаягдал дугуй буталж явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн резинен хавтан үйлдвэрлэсэн байна. Гэвч бүтээдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй байгааг тус компанийн захирал Н.Мөнхбаяр тайлбарлахдаа “Төрийн байгууллагууд тендер зарлахдаа хамгийн бага үнэ санал болгосон компанийг шалгаруулдгаас болж манай бүтээгдэхүүн хятадын бүтээгдэхүүнд шахагдаж байна. Тиймээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж импортын чанаргүй бүтээгдэхүүн худалдан авах бус дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжээсэй гэж хүсч байна” гэлээ. Хаягдал дугуйг бутлах үед дотроос нь 60 хувийн ган, 40 хувийн төмрийн агууламжтай металл гардаг байна. Уг металлийг БНХАУ руу экспортолж, тодорхой орлого олдог байсан ч 5 жилийн өмнө хориг тавьснаас болж их хэмжээний хаягдал төмөр дугуй бутлах үед гарч байгаа аж.
Дараа нь “Хэв хашмал хуванцар” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компани нь 2014 онд байгуулагдсан. Анхдагч түүхий эдээр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, хоёрдогч түүхий эдээр барилга, зам, гүүрт өргөнөөр ашигладаг арматур, зай баригч зэргийг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэдэг аж. Анхдагч хуванцар түүхий эдийг Солонгос улсаас импортолж ахуйн хэрэглээний аяга, сав, эвлүүлдэг гэр зэргийг үйлдвэрлэдэг байна. Жилдээ 70 сая ширхэг хуванцар үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр аж. Тус компанийн зүгээс бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэхийг хүсч байлаа.
Н.Цэрэнбат сайд хог, хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн төлөөллүүдтэй уулзна
Үйлдвэрлэгчдийн санал, бодлыг сонссоны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Өнөөдөр хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, та бүхний санал, хүсэлтийг сонсож байгаа нь цаашид ямар хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэх боломжтой байна, хэрхэн хамтарч ажиллах вэ зэргийг тодорхой болгох зорилготой юм. БОАЖЯ-наас 1 удаагийн гялгар уутыг хэрэглээнээс халах, дахин ашигладаг сав, баглаа боодлыг дотоодын компаниудаас авах, дотоодод үйлдвэрлэж байгаатай ижил төрлийн импортын бүтээгдэхүүнийг гаалийн татвараар зохицуулах зэрэг асуудлыг шийдэхээр Эко төлбөрийн тухай хууль боловсруулахаар ажлын хэсэг гарган ажиллаж байна. Хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд тухайн хуулиас олсон орлогын 50 хувийг дэмжлэг хэлбэрээр олгохоор хуульд зохицуулалт оруулна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдтэй удахгүй уулзалт хийнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах замаар дотоодын ААН-үүдээ дэмжих бодлого баримталж байгаа” хэмээсэн юм.
Иргэдийг хогоо ангилж, ялгаж хаях боломжоор хангахыг үүрэг болголоо
Мөн Н.Цэрэнбат сайд Нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөрт хог ялган ангилах дадал зуршлийг иргэдэд бий болгох тал дээр анхаарч ажиллахыг захив. Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн хэлснээр Нийслэлийн захирагчийн ажлын албанаас ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж хаях туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа аж. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гаргасан журмын дагуу Сүхбаатар, Хан-Уул дүүргийн орон сууцны 10 хороонд хог хаягдлыг ялгах туршилтын үйл ажиллагааг явуулах юм байна. Орон нутгийн Засаг захиргаа, дүүргийн Засаг дарга нар, хот тохижилтын компаниудтай гэрээ байгуулан энэхүү төслийг туршилтаар эхлүүлэхэд бэлэн болжээ.
Дээрх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн нэг болох Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээрх ландфилл хийж буй талбай, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран байгуулсан хог дахин боловсруулах үйлдвэртэй танилцсан юм. Нийслэлийн хэмжээнд 3 томоохон хогийн цэг байдгийн нэг нь Цагаан даваа юм. Нийслэлчүүд өдөрт дунджаар 3000 мянган тонн хог гаргадгийн 100 нь энэхүү цэгт ирдэг байна. Ирсэн хогийг ландфилл буюу булах технологиор устгадаг. Энэхүү аргыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд цаашдаа дахин боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байгааг холбогдох албаныхан нь тайлбарласан.
Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээрх ландфилл хийж буй талбайд ААН-үүд ангилан ялгалт хийж, түүхий эдээ худалдаж авч байгаа нь хүндрэл учруулдаг учир анхан шатандаа буюу иргэдээс гарч байгаа хогийг ангилан ялгуулах нь тулгамдсан асуудал болоод байгааг ч хэлэв. Нөгөөтэйгүүр, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран байгуулсан хог дахин боловсруулах үйлдвэр нь онцгой бүс хэдий ч өнөөдөр ойр орчимд нь айлууд буучихсан, мал бэлчиж байгаа нь онцгой бүс гэх статусыг нь алдагдуулж байгааг анхааралдаа авахыг хүсч байв. Н.Цэрэнбат сайд уг асуудалд анхаарч ажиллахыг холбогдох газруудад нь хэлээд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлаараа бүрэн ажиллаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь хог, хаягдлаа ангилж, ялгаж хаядаггүй иргэдийн буруу зуршлаас үүдэлтэй. Тиймээс иргэдээ хогоо ангилж хаядаг болгох, ангилсан хогийг авдаг цэгүүдийг олноор бий болгох асуудалд анхаарч ажиллахыг дагалдан явсан Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийнхэнд үүрэг болгосон юм.