Монгол Улсад улстөрийн гуравдагч, дөрөвдөгч хүчин хэрэгтэй байна. Тэгж гэмээнэ МАНАН арилж, улстөрчид айж ичдэг болно. Улстөрчид айж ичдэг болсноор улстөрийн соёл тогтож, тэр хэрээр Монгол Улс зөв зам руугаа орно.
Монгол Улсад одоохондоо Ерөнхийлөгчийн засаглал хэрэггүй, цаг нь ч болоогүй. Эхлээд улстөрийн соёл тогтож, улстөрчид нь элдэв асуудалд орооцолддоггүй, нэр цэвэр, намтар цэвэр байх шаардлагатай.
Түүнээс биш нийгмийг тэр чигээр нь доргисон хэрэгт нэр холбогдогсод ард түмний дээр залрах ёсгүй.
УИХ-ын 1992 оноос хойшхи 7 удаагийн сонгуулийн түүхийг харахад АН 1996-2000, 2012-2016 онд хоёр удаа олонх болжээ. Гэхдээ олонх болсон хугацаандаа дандаа улс орныг самарч, ард иргэдийн амьдрал хамгийн доод түвшиндээ хүрч байсныг түүх өгүүлнэ. 1996-2000 онд улстөрийн нөхцөл байдал хурцдаж С.Зориг алуулсан, эдийн засаг хямарч төрийн өмчийн банк дампуурсан.
Ингээд энэ хямрал доройтол 12 жилийн хугацаанд арай гэж арилж эдийн засаг сэргэж, дэлхийд байхгүйгээр эдийн засаг өсч, 17.5 хувьд хүрсэн нь Монгол Улсыг олон улсын анхаарлын төвд аваачив.
Тэгвэл 2012-2016 онуудад үр ашиггүй бондууд, их шамшигдуулалтын жилүүд байж, эдийн засаг 0 хувьд хүрч, ард иргэдийн амьдрал дахиад хамгийн доод түвшиндээ хүрсэн. Үүнийг Ардчилсан намынхан биднийг засаг барьж байхад түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унаснаас болсон гэдэг.
Гэхдээ бондоор авсан олон зуун сая ам.долларыг үр ашигтай зарцуулж, улс орноо өөд нь татах боломж байсан. Харамсалтай нь, дэндүү их улстөржилт, тархи угаалт, үнэнээ хүлээдэггүй эрх мэдлийн шуналтнуудын харгайгаар Монгол Улс дахиад хэдэн жилийг алдлаа.
Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хэмжээнд хүртэл доройтуулсан ч буруугаа хүлээсэнгүй. Энэ хөтөлбөрт хамрагдахгүй эцсийг нь үзэж, гаднынхан орж ирээд өрөө авья гээд орд газруудыг нь эзэмшихэд л сая нэг юм ойлгох байсан бололтой.
Үнэндээ аль ч нам гарсан Монгол Улс зогсолтгүй урагшлах атал нэг нам нь нөгөөгийнхөө урагш алхсан ганц хоёр алхмыг ухрааж байгаад шинээр алхах гэдэг байдал Монгол Улсыг хойш нь татаж байна. Энэ бүхний эцэст дөрвөн жилийн дараа Монгол Улс бахь байдгаараа. Дөрвөн жилийн хугацаанд урагш дөрөв алхах байтал нэг намынхаа дөнгөн данган хийсэн 1-2 алхмыг ухрааж, шинээр 1-2 алхам хийхэд Монгол Улс яг байрандаа байгаа юм.
Улстөрчдөд итгэл хүлээлгэж, сайхан нийгэмд амьдарна гэж найдаж байсан хүүхэд багачууд өдгөө дунд насныхан болжээ.
Тэд "Тэр метро гэдгийг нь миний хүүхдүүд үзэхгүй байх, ач зээ нар маань үзвэл их юм" гэцгээх болж. Түүнчлэн АН нурааж, МАН босгодог гэцгээх юм. Тийм байлаа ч аль аль нь шинэчлэгдэх шаардлагатай байна.
Эх орон, ард түмнээ бодохгүй зөвхөн өөрсдийгөө хагартлаа баяжуулах нь улстөрд угаасаа байсан зүйл юм уу, эсвэл 1990 оноос хойш илт үзэгдсэх болсныг нь бодвол Монголын улстөрд авчирсан АН-ын гай юм уу. Хэрэв тийм бол АН муу жишиг тогтоодог, МАН түүнийг нь дагадаг байх нь.
Тийм болохоор нь л МАНАН гэдэг байх. МАН ч ялгаагүй эрх ашиг, эд агуурс хөтлөгдөж, хоёр нам бие биетэйгээ барьцаж, шантаажилсан, хаацайлсан бохир улстөр тогтжээ.
Ямартай ч, энэ завсар эдийн засаг арай сэргэснийг УИХ-ын дарга М.Энхболдын энэ үг батлах болов уу. Тэрээр:
- Хоёр жилийн өмнө 00 заасан эдийн засгийг хүлээж авч байсан бол өсөлт 4.9 хувьд хүрч үр дүн мэдрэгдэж эхэллээ.
- Гадаад худалдааны эргэлт 2016 онтой харьцуулахад 19.7 хувиар сайжирлаа. Гадаад валютын албан нөөц 3.0 тэрбум ам.долларт хүрлээ.
- Одоогоор Хөгжлийн банкны 580 сая, “Чингис” бондын 500 сая, “Дим сам” бондын 15.3 сая, нийт 1.1 тэрбум ам.долларын буюу 2.6 их наяд төгрөгийн өрийг барагдуулаад байна гэсэн юм.