МАХН-аас боловсруулсан Дээд Үндсэн хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлэн батлуулах чиглэлд МНН, МҮАН, ИЗНН хамтарч ажиллахаар болж, өчигдөр тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Тунхаг бичигт “Эрдэнэт Монгол хүний 9 цагаан хүслийг тэтгэх тунхагт “МАХН, МНН, ИЗНН, МҮАН шинэ дээд хуулийн төслийг даяар олноо хэлэлцүүлэхээр хамтран ажиллах болсныг зарлаж, энэхүү тунхаг бичгийг гаргаж байна" хэмээжээ.
Түүнчлэн Үндэсний их хуралдай, Улсын бага хуралдай гэсэн хоёр парламенттай болох, Төр залуу үеэ дээд боловсролтой, нарийн мэргэжилтэй болгох, залуу гэр бүлийг орон сууцаар хангах зардлыг хариуцах, БНМУ-ыг цогцлоон байгуулж ядуурлыг бүр мөсөн арилгах зэрэг заалт оруулсан байна. Мөн газрын баялгийг монгол хүн, хойч үеийн элбэг дэлбэг амьдралын төлөө зориулах, Стратегийн ордын нэр дээр иргэн бүрт хувьцаа, гэрчилгээ олгох зэргийг тусгажээ.
Тунхаг бичигт гарын үсэг зурах үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяртай цөөн хором ярилцлаа.
- “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалж, их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэрэг олон нийтийн анхаарлын төвд байна. Анх энэхүү “луйвар”-ыг хийх үед та төрийн өндөр албан тушаал хашиж байсан. Өөрөөр хэлбэл, та 2009 онд төрийн тэргүүн төдийгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг толгойлж байсан санагдана. Тэгэхээр та энэ асуудал, хэргийг мэдээгүй байх боломжтой гэж үү?
- Намайг 2009 оны луйврын сонгуулиар “унагасан”. Тэрнээс хойш Монгол Улсын эрх ашиг, байгалийн баялгаар цөөн хэдэн улстөрч тоглосон. Тэрний илрэл нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 болон 51 хувь. Түүнчлэн офшор данс, МАН-ын 60 тэрбум зэрэг хэрэг байна.
Энэ бүх зүйл 2009 оноос хойш болж, өрнөсөн. Миний хувьд энэ бүх луйвар, булхайг 2009 он хүртэл гаргалгүй, болгохгүй байж чадсан. Тэгж ярих юм бол 2003 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг Монголын талд авч ирсэн. Тэр үед офшор данс гэдэг ойлголт байгаагүй. Дээр нь сонгуулийн ажлыг мөнгөөр явуулдаг, албан тушаалыг мөнгөөр зардаг ойлголт ч байгаагүй юм шүү. Харин “Оюутолгой”-н гэрээг ард түмэндээ ашигтай байдлаар байгуулахын төлөө зүтгэж байсан.
Харамсалтай нь, намайг луйвардаж унагаагаад энэ бүх зүйлээ хийлээ. Гэхдээ энд би нэр зааж, нэг хоёр хүнийг муулмааргүй байна. Нэг, хоёр хүнийг шоронд хийгээд шийдчих асуудал биш. Үнэхээр гэмт хэрэг хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой. Гэвч асуудлыг үнэхээр л шийдэх гэж байгаа бол төрийн дээр луйварчин гарч ирсэн ч хулгай хийж чаддаггүй тогтолцоог л бий болгох ёстой.
Өөрөөр хэлбэл, ард иргэдийн амьдралыг сайжруулахын тулд тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Тогтолцоогоо сайжруулахын тулд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ бол нэг, хоёр намын асуудал биш. Нэг, хоёр хүний хэрүүл ч биш юм.
- Гэхдээ “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж, гадны банкнаас их хэмжээний мөнгө зээлэх үйл явц 2007 оноос эхэлсэн байдаг. Та үнэхээр мэдээгүй гэж үү?
- Надад ямар ч мэдээлэл байгаагүй. Тэр үйл явцыг 2007 оноос эхэлсэн гэдгийг сая л мэдэж байна. Харин гарын үсэг зурах явц нь 2009 оны сонгуулийн дараа дууссан гэж ойлгож байна. Энд би нэг зүйлийг баталгаатай хэлэх байна. Намайг Ерөнхийлөгч байхад ийм үйл явдал болоогүй, болох ч үгүй байсан. Гэхдээ өнөөдөр хууль, шүүхийн байгууллага яаж ажиллаж байгааг хүн бүр мэдэж байгаа байх.
Жишээлбэл, Н.Энхбаяр гэдэг хүнийг боловсролгүй, хүмүүжилгүй гэх шалтгаанаар нэр дэвшүүлдэггүй. Ямар ч хэрэг хийгээгүй байхад нь шоронд хорьж чаддаг шүү дээ. Үүнийг би жинхэнэ яс, махаараа мэдэрсэн. Мэдэрсэн хүнийхээ хувьд тогтолцоогоо л өөрчлөх гээд байгаа юм.
- Та мэдээгүй, танд ямар ч мэдээлэл ирээгүй юм байж. Тэгвэл АТГ-аас өнгөрсөн даваа гарагт тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг дуудаж, байцаалт авлаа шүү дээ. Үүнд та ямар хариулт, тайлбарыг өгөх вэ?
- Энд нэг, хоёр хүний асуудал ярихгүй. Учир нь, үүнээс болж хэрүүл болдог. Үнэнийг тогтоох биш хэрүүлийг шалгадаг. Монголчуудыг хэрэлдүүлмээргүй байна. Бид олон жил хэрэлдлээ шүү дээ. Нэг нэгнээ дээд зэргээр доромжиллоо. Одоо эвтэй байя. Шударга ёсонд суурилсан эв байх ёстой.
- Гэхдээ та С.Баяртай их ойр ажиллаж байсан хүн. Тэр яригдаад байгаа офшор хөрөнгө болон тэр олон хаусыг ямар мөнгөөр худалдаж авсан гэж бодож байна вэ. Эх үүсвэр нь хаанаас гарсан юм бол оо?
- Харин наадахыг чинь л асуугаад байгаа шүү дээ. Би шалгаад өгөөч гэж хүртэл хүссэн. Ер нь, ганц С.Баяр ч биш тэр олон офшор хөрөнгөтэй гэх нөхдийг шалгах хэрэгтэй. Олж тогтоох шаардлагатай шүү дээ. Одоо Х.Баттулга Ерөнхийлөгч энэ бүхэнтэй тэмцээд байх шиг байна. Бүгдээрээ шалгуулах хэрэгтэй. Тэр хөрөнгөө тайлбарлах шаардлагатай байна. Би бодохдоо нэлээн хэдэн тэрбум ам.доллар тэр офшор дансанд бий гэж бодож байгаа шүү.
- Та “Жаст”-ын Ш.Батхүүгийн ард хэн байгаа гэж харж байна вэ?
- Шалгах хэрэгтэй. Хууль, хяналтынхан шалгаж эздийг нь олох хэрэгтэй. Хэрэв хүсэх юм бол их амархан олно шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүнээр хэлүүлээд ч байх шаардлагагүй. Тэртээ тэргүй дансыг нь хөөгөөд үзэхэд л хангалттай. Хүн гишгэхдээ хүртэл мөрөө үлдээдэг биз дээ.
Яг үүн шиг тэр банкаар орж, гарсан мөнгө болон дансны хуулгыг нь үзэхэд л хангалттай шүү дээ. Нээх толгой өвдөөд, янз бүрийн юм ярьж төөрүүлээд байх зүйлгүй. Би хангалттай ярьсан. Одоо Ц.Элбэгдорж, С.Баяр, М.Энхболд нараар яриулах хэрэгтэй. Энэ хүмүүс тэр бүх луйвраа ярих хэрэгтэй л гэж хэлэх байна даа.
Эх сурвалж: "Өглөөний сонин"