Б.Жаргалсайхан: “Жаст”-ын Ш.Батхүүг шоронд үхүүлж болохгүй...
"Буян"-гийн Жагаа буюу БНН-ын дарга Б.Жаргалсайхан олон нийтэд хандан "50 тэрбум төгрөгийн авлигын асуудалд холбогдсон Газрын тосны дарга асан Амарсайханыг сахартай байхад мөрдөнд хийж байгаад нас баруулж байв. Амарсайхан нас бараад том гэмт этгээдүүд хэргээ түүнд үүрүүлээд эрлэг тийш явуулсан түүхтэй. Түүнтэй адилхан үйл явц "Жаст"-ын Батхүүд тохиолдох вий. Ш.Батхүү олон жилийн турш сахарын өвчтэй, эмчлүүлж явааг нь мэднэ.
Хэрвээ энэ хүн нас барвал Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар сугараад үлдэнэ. С.Баяр, Г.Алтан, Ц.Нямдорж нарын холбоос ч бүдгэрч үгүй болох биз. Эрдэнэт үйлдвэр жинхэнэ утгаараа хятадуудын мэдэлд очино. Ш.Батхүүг шоронд хийх нь зөв. Гэхдээ нас баруулж болохгүй гэдгийг хууль хяналтынхан анхаарч байгаа биз. Энэ хүнийг үхчихвэл олон хүн аврагдаж, шударга ёс улам бүдгэрнэ" гэж мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад гэнэт нас барсан. Түүний учир битүүлэг гэнэтийн энэ үхлийг сэжигтэй гэж одоо ч ярьдаг. Тэрээр “Петрочайна Дачин тамсаг” компаниас Газрын тосны газар буюу Монгол Улсад ирэх ёстой орлогоос 1 хувийг Хонконг дахь нууц данс руу шилжүүлэн мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт шалгагдаж байсан бөгөөд мөнгөн дүнгийн хэмжээ 40 гаруй сая ам.доллар байв.
Үнэндээ энэ хэргийг ганц хүн толгой мэдэн хийсэн эсэх нь эргэлзээтэй. Холбоотой байлаа ч гол хүн нь талийгаач болсон учир ингээд замхарсан.