Туркийн Ерөнхийлөгч Р. T. Эрдоан: Монгол Улс, Монголын ард түмэнтэй улам илүү дотно харилцаж, ах дүү ёсоор туслан дэмжихэд хэзээд бэлэн
Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын М.Энхболд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд бараалхлаа.
Нэг цаг гаруй үргэлжилсэн уулзалт элэгсэг дотно, нөхөрсөг, илэн далангүй нөхцөл байдалд болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хөндөн ярилцав.
УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай Монгол Улсын Их Хурлын даргын хувиар дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өмнө айлчилж байсан үетэй харьцуулахад Турк Улсад бүтээн байгуулалт ихээр хийгдэж, эдийн засаг, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт гарчээ. Энэ бүхэнд ноён Ерөнхийлөгч Таны манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэхийг хүсэж байна” гэлээ.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоаны урилгаар 2006 онд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд 2003 онд Анкара хотод айлчилж, ноён Режеп Тайип Эрдоан 2005, 2013 онд Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан, хуучны танил, дотнын нөхөд юм.
УИХ-ын дарга М.Энхболд олон улсын терроризмын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд Турк зогсож, ачааны хүндийг үүрч байгааг Монгол Улс ойлгон дэмжиж байдгийг тэмдэглэв. Түүнчлэн хоёр орны харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулж, нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, үүний тулд тогтонги байдалд байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл, хот төлөвлөлт, барилга, боловсрол, соёл, урлаг, эрүүл мэнд зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа нотоллоо. Эдгээр хамтын ажиллагааны үндэс нь эцэг дээдсээс уламжилсан хоёр орны угсаа гарлын түүхэн хэлхээ холбоонд байдгийг тэрбээр онцлоод, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийн шууд хамтын ажиллагаа нэн чухал байгааг тэмдэглэлээ.
Эрхэмсэг ноён Р.Т.Эрдоан Туркийн хөрөнгө оруулалтыг сонирхсон салбарт чиглүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов. Тэрбээр Монгол Улс, Монголын ард түмнийг бид ах дүүсээ хэмээн хүндэтгэдэг хэмээн онцлоод, боловсрол, иргэний агаарын тээвэр, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын зэрэг салбарт хамтран ажиллах зарим саналыг тавив. Тухайлбал, Орхоны хөндийг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах талаарх УИХ-ын дарга М.Энхболдын саналыг дэмжиж байна гэв. Түүнчлэн Истанбул хотын даргаар ажиллаж байхдаа нийтийн тээврийн асуудлыг хэрхэн шийдэж байсан туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн хөдөө аж ахуйн салбар, түүхий дотор мах, махан бүтээгдэхүүний импорт хийх боломжийг судалж үзэхээ амлалаа.
УИХ-ын дарга М.Энхболд ноён Р.Т.Эрдоаны тавьсан Монголд үйл ажиллагаа явуулж буй турк сургуулиудын асуудлыг зохистой шийдвэрлэх саналыг дэмжиж байгаагаа тэмдэглэж, холбогдох байгууллагууд хоёр талын эрх ашигт нийцсэн, тохиромжтой шийдлийг олно гэдэгт итгэж байна гэлээ.
М.Энхболд, Р.Т.Эрдоан нар ирэх онд тохиох, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, илүү өндөр түвшинд хүргэсэн, тодорхой томоохон үр дүн гаргасан амжилтаар угтахын тулд энэ өдрөөс эхлэн хоёр тал хичээн чармайх нь чухал гэдэгт санал нэгтэй байгаагаа тэмдэглэлээ.
Эрхэмсэг ноён Р.Т.Эрдоан БНТУ-ын Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улс, Монголын ард түмэнтэй улам илүү дотно харилцаж, ах дүү ёсоор туслан дэмжиж, үнэнч нөхөрлөлийн бэлгэдэл болохуйц хамтын ажиллагаа өрнүүлэхэд хэзээд бэлэн байх болно гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын дарга М.Энхболдод мөн өдөр БНТУ-ын нийслэл Анкара хотын дарга Мустафа Туна бараалхсан юм. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд Улаанбаатар хотын даргын хувиар 2003 онд Анкарад айлчилж, Улаанбаатар-Анкара хотын хооронд “Ах дүү хотуудын харилцаа тогтоох” тунхаглалд гарын үсэг зурж, 2004 онд Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг тус хотод зохион байгуулж байснаа дурслаа.
Ноён Мустафа Туна өмнө нь Анкара хотын Синжан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа нийслэлийн Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоож, айлчлалын бүрэлдэхүүнд багтан яваа УИХ-ын гишүүн Д.Ганболдыг тус дүүргийн Засаг дарга байхад элэгсэг дотноор хамтран ажиллаж, ажил хэргийн анд нөхөд болсноо тэмдэглэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд ноён Мустафа Тунаг БНТУ-ын нийслэл Анкара хотын даргаар ажиллах болсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, Улаанбаатар хотод зочилж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Анкара хотын бүтээн байгуулалтын туршлагаас монгол анд нөхөдтэйгээ хуваалцаж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зам тээврийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хот тохижилтыг шинэ шатанд гаргах зэрэг чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллахын чухлыг онцоллоо.
Ноён Мустафа Туна хотыг дахин төлөвлөх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, Улаанбаатар хотын агаар, усны бохирдлыг арилгах талаарх өмнө эхэлсэн ажлаа үргэлжлүүлэх илүү өргөн боломж нээгдэж байгааг тэмдэглэлээ.
Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд тус хотод буй Чингис хааны цэцэрлэгт хүрээлэнд зочилж, Эзэн Богдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Тэрбээр энэхүү хүрээлэнг бий болгох, хөшөө босгох санаачилгыг Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа гаргаж байжээ. Энэ нь Чингис хааны гадаад орон дахь анхны хөшөө болж байсан түүхтэй юм байна.
УИХ-ын дарга М.Энхболд мөн өдөр Туркийн өдөр тутмын “Дэйли Сабах” сонинд ярилцлага өгөв.
Тэрбээр ярилцлагадаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар танилцуулж, Монгол-Туркийн найрсаг, ах дүү ёсны харилцаа, хамтын ажиллагааг зөвхөн парламентын түвшинд биш, бүхий л салбарт илүү өндөр түвшинд, үр ашигтай хөгжүүлэх талаарх санал бодлоо илэрхийллээ.