Монгол Улс иргэдийнхээ амиа хорлолтын түвшингээр дэлхийд гуравдугаарт бичигдэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2015 оны судалгаа харуулсан. Тус судалгаагаар Монгол Улсад жилд дунджаар 800 хүн амиа хорлож байсан аж.
Энэ нь өдөрт хоёр хүн гэсэн үзүүлэлт бөгөөд амиа хорлож буй хүмүүсийг хүйсээр нь авч үзвэл эрчүүд дийлэнхийг нь эзэлж байв. Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газрын судалгаагаар Монгол Улсад таван жилд 2055 хүн амиа хорложээ. Таван жил нь 1825 хоногтой бөгөөд энэ нь өдөрт нэг хүн амиа хорлосон гэж үзүүлэлт юм.
Ямар ч байсан ДЭМБ-ын өдөрт хоёр гэсэн тооноос бага байна. Улсын ерөнхий прокурорын газар 2012-2016 онд явуулсан уг судалгаагаар 2055 хүн амиа хорлосны 84 хувь нь эрчүүд гэв.
Эрчүүдийн амиа хорлох шалтгаанд ажилгүйдэл, гэр бүлийн маргаан, дотно харилцааны бэрхшээлүүд, санхүүгийн асуудлууд орж байгаа аж.
ДЭМБ улс орнуудын амиа хорлолтын судалгааг таван жилд нэг удаа явуулдаг бөгөөд дараагийн судалгааны дүн 2020 онд гарна. Сүүлд гарсан судалгааны үр дүнгээр Монгол Улсын 100 мянган хүн ам тутамд 28 хүн амиа хорлож байжээ. Энэ түвшингээр Монгол Улс Шри-Ланк, Гайана Улсын дараа гуравт орсон юм. Харин хүйсээр нь авч үзвэл эрчүүдийнхээ амиа хорлолтоор Шри-Ланкийн дараа хоёрдугаарт орж байв. Эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдийг бодвол амиа хорлож оролдлого их хийдэг ч эрчүүдээс хамаагүй бага амиа хорлодог байна. Тиймдээ ч Монгол Улс эмэгтэйчүүдийнхээ амиа хорлолтын түвшингээр дэлхийд 21-рт жагсаж байв.