Ц.Элбэгдорж францчуудад Монголын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын талаар лекц уншина
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын Улстөр, дипломатын элитүүдийг бэлтгэн гаргадаг, энэ салбартаа улсдаа тэргүүлдэг "Sciences Po" буюу Sciences Politic хэмээх Улстөрийн шинжлэх ухааны төвд зочлохоор болжээ. Ц.Элбэгдорж Италийн хуучин Ерөнхий сайдын урилгаар энэ төвд уригдан очиж лекц уншихаар болжээ.
Францаар "Institut d'Études Politiques de Paris" хэмээх энэ төвд зочилж, лекц унших урилгыг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авсан бөгөөд Монголын Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал сэдвээр лекц унших юм байна. Лекц Парисын цагаар өнөөдөр 12:30 минутаас эхэлж өдрийн 2:00 цагт дуусна.
Италийн Ерөнхий сайд асан Энрико Летта (Enrico Letta) нь одоогоор уг төвийн захирлаар ажиллаж байгаа ба тэрээр хувийн зүгээс Ц.Элбэгдоржид хүсэлт тавьсан байна.
Энрико Летта нь Италийн улстөрч бөгөөд Италийн Ардчилсан намын нарийн бичгийн даргын орлогчийн албан тушаалыг хашдаг байна. Тэрээр 2013 оны 4 сарын 24 - 2014 оны 2 сарын 14 хүртэл Италийн Сайд нарын зөвлөлийн 83 дахь тэргүүн буюу Ерөнхий сайдаар ажиллаж байжээ.
Саяхан Цаазаар авах ялын эсрэг олон улсын комиссын комиссараар томилогдсон Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1990 онд Монголд Ардчилсан хувьсгал хийхдээ нэг ч хүний цус урсгаагүй гэж олон улсад бахархан ярьж, бичдэг.
Түүний яриа, бичвэрээс 1990 оны хувьсгал дан ганц Ц.Элбэгдорж гэж хүнийх гэж олон улс ойлгож ирсэн. Зөвхөн түүний "гавьяа" мөн бил үү?
МАХН-ын нэртэй, төртэй удирдагч агсан Ж.Батмөнх гуайн алс ирээдүйгээ бодсон буултыг ч мань хүн дурддаггүй.
Тэгтэл 2008 оны 7 дугаар сарын 1-ний үймээнээр юу болов. 5 залуу буудуулан амь үрэгдэж, олон зуун хүн гэмтэж, бэртэн, шоронд хоригдож хожмын амьдралд нь арилахааргүй хар толбо үлдсэн. Тухайн үед АН-ын дарга Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга С.Баяр байсан. Ц.Элбэгдорж С.Баяр тэргүүтэнгүүдийг сонгуулийг луйвардчихлаа хэмээн мөрөөрөө байсан гэмгүй жирийн иргэдийг татан оролцуулж, үймээн дэгдээн, улмаар энэ үймээн нь 5 залуугийн амь насаар тоглосон явдал болоод өнгөрсөн.
Үнэндээ энэ бүхний ард эрх мэдэл, албан тушаал булаацалдсан эрх баригчдын шунал л байсан юм.