Дорнод аймгийн нутагт орших “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгэж батламж өглөө
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссыг үүсгэн байгуулсны 55 жилийн ойг тохиолдуулан 2017 онд ЮНЕСКО-гийн Байгалийн болон Соёлын өвд бүртгүүлсэн Монголын гурван өвийн батламжийг гардууллаа.
Өнгөрсөн онд Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад Дорнод аймгийн нутагт орших Дагуурын Ландшафт, Соёлын биет бус өвийн жагсаалтад Уул овоо тахих Монгол зан үйлийг бүртгүүлсэн бол Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөөг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтад оруулсан юм.
Дорнод аймгийн нутагт орших Дагуурын Ландшафтыг дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бүртгэсэн тухай батламжийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нар Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатараас гардсан юм.
Монгол Улс, ОХУ хамтран өнгөрсөн оны долдугаар сарын 07-нд Дагуурын ландшафтыг Дэлхийн байгалийн өвд бүртгүүлсэн. ОХУ, Монгол Улсын хил дамнан оршиж байгаа дэлхийн өвийн энэ газар нутгийн хэмжээ нь 912.624 га бөгөөд үүний 279.023 га нь ОХУ-ын нутагт, 633.601 га нь манай улсын буюу Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Баяндун сумдын нутагт байрлаж буй юм. “Дагуурын ландшафт” нь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газартай бөгөөд цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу зэрэг 236 зүйлийн шувуу, хил дамжин нүүдэлдэг цагаан зээр, мануул,тарвага зэрэг 34 зүйлийн хөхтөн амьтан, 236 зүйлийн дээд ургамал багтсан иж бүрэн экосистем юм.
Дашрамд дурдахад, Дагуурын чийглэг хээр тал нь том жижиг нуур, цөөрөм, гол, горхи, намгархаг газар бөгөөд Зүүн өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэл нүүдэллэдэг халуун орны усны болон эргийн шувуудын өндөглөн зусдаг өвөрмөц онцлогтой бүс нутаг учир биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ихээхэн ач холбогдолтой.
“Уул овоо тахих Монгол зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь даяаршлын нөлөөгөөр байгаль орчин доройтож, биологийн төрөл зүйл устаж үгүй болж, усны нөөц хомсдож, тахилгат ариун дагшин газрууд хүний үйл ажиллагаанаас шалтгаалан гэмтэх, улмаар үгүй болох аюул тулгарч, байгаль, соёлын өвд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх болсон өнөө үед байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын уламжлалт ёс, зан үйлээ өвлөн авч үлдэхэд ач холбогдол юм. Тахилгат газар нь байгалийн онгон дархан газар төдийгүй ард түмний дунд урт хугацаанд уламжлагдан хадгалагдаж ирсэн соёлын өв, ёс заншил, зан үйл зэргийг өөртөө агуулж байдаг тул “Уул овоо тахих Монгол зан үйл” нь байгаль, соёлын хосолсон чухал өвийн илэрхийлэл билээ.
Монголчууд эрт үеэсээ хад чулуу, хөшөө дурсгал дээр түүхэн үйл явдлуудыг тэмдэглэн бичиж, хойч үедээ үлдээсээр ирсэний тод жишээ нь Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө юм. Монгол Шунхан Данжуурын 226 ботийг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авчирсны дурсгалд зориулан 1928 онд Судар бичгийн хүрээлэнгийн ажилтан Н.Дэндэв уг хөшөөг урлан бүтээсэн. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Данжуурын гэрэлт хөшөө ЮНЕСКО Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн Олон улсын жагсаалтдаа бүртгэн авав. Манай улсын шинэ цаг үеийн үндэсний номын сангийн гал голомтыг үүсгэж байх үед судар ном солилцооны холбогдолтой гэрээг чулуунд сийлсэн ховор түүхэн баримтын цаана номыг дээдлэх монгол хүний уламжлалт үзэл баримтлалын нандин ёсыг илэрхийлж байна.
“Хүмүүний ухамсарт энх тайвныг цогцлооно” хэмээх уриатай ЮНЕСКО-д Монгол Улс тэртээ 1962 онд нэгдэн элсэн орсноос хойш эдүгээ 56 жилийн түүхийг туулжээ. ЮНЕСКО-ийн энэ уриа дуудлагыг түгээн дэлгэрүүлж, хэрэгжүүлэхэд үндэсний байгууллагуудыг өргөнөөр оролцуулах, Монгол Улс, ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааг зохицуулах үүрэг бүхий ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссыг тэртээ 1963 оны 3 дугаар сарын 1-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 77 дугаар тогтоолоор Гадаад явдлын яамны дэргэд байгуулсан байдаг. ЮНЕСКО-гийн МҮК ийнхүү үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг энэ өдрүүдэд ёслон тэмдэглэж байна.