Туркийн Засгийн газар 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно
Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх манай хоёр орны харилцаа улстөр, боловсрол, соёлын чиглэлд хөгжсөөр ирсэн цаашид эдийн засаг, худалдааны чиглэлээр идэвхижүүлэхийг зорьж байна. Монгол Улс хосолмол эдийн засгийн бодлого хэрэгжүүлж хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллаж хөрш орнуудад нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй. Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг дэмжин зохион байгуулах болно.
Мөн 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамыг нээх талаар Туркийн Засгийн газар анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлье гэлээ.
Элчин сайд Ахмет Язал хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр түвшинд анхаарч байгаа явдалд талархал илэрхийлье.
Туркийн Ерөнхий сайд Монгол Улсад ирэх сард айлчлах хүсэлтэй байгааг уламжилж, өмнө нь Станбул хотын захирагч байхдаа харилцаатай байсан нь хамтын ажиллагаагаа гүнгийрүүлэхэд дөхөм байх болно хэмээн найдаж байна гэлээ.
Монгол, Туркийн хооронд агаарын тээврийн урсгал, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол буйг илэрхийллээ.