Б.Пүрэвдорж: Эрдэнэтийг тойрсон улс төржилтийн ард луйварчид нь үлдэх гээд байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
- Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувийг тойрсон маргаан манайхны ганц сэдэв болчихоод байна. ОХУ-аас Монголд авч ирсэн гэгдээд буй 49 хувийнхан нь шүүхээр асуудлаа шийдүүлэхээр явж байгаа. Гэтэл нөгөө талд нь 51 хувийнх нь хувь заяа тун бүрхэг болчихлоо л доо. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас Жаст групп зээл авч хүү, алдангитайгаа 109 сая ам.долларыг төлнө гэж байна. Эрдэнэт үйлдвэрийг тойрсон маргааныг та хэрхэн харж байна вэ?
- Эрдэнэт үйлдвэрийг тойрсон энэ асуудлууд өнөөдөр гэнэт гарч ирчихсэн юм биш. Эртнээс улбаатай л даа. УИХ-ын чуулганы хуралдаан болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхдөө хэлж байсан. Харамсалтай нь эрх баригчид үүнийг огт авч хэлэлцээгүй. Уг нь эртхэн анхаарал хандуулаад явсан бол өнөөдрийн нөхцөл байдал өөр байх байсан юм. 2016 оны намрын чуулган эхлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох үед нь “Лондонгийн Арбитрын шүүх дээр ийм маргаан байна. Үүнийг шийдвэрлэх тал дээр илүү анхаарал тавьж ажиллаарай” гэж захиж байсан. Төрийн өмчийг үнэгүйдүүлэх, барьцаалан их хэмжээний зээл авч, тэр компанийг энэ их хэмжээний өрөнд үлдээх сонирхол зарим хүмүүст байна шүү гэдгийг би тухайн үед анхааруулан хэлж байсан л даа.
МАН тухайн үед огт чимээгүй байсан. Учир юу гэхээр өмнө нь МАН-ын удирдлагад байсан зарим хүн Эрдэнэтийг барьцаалсан асуудалд холбоотой байсан учраас энэ талаар огт яригдахгүй байсаар өнөөдөр ил боллоо. Үнэнд гүйцэгдэж, Арбитрын шүүхийн шийдвэр гарч Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлэх хүртэл байдал хурцадсан үед МАН-ынхан аргагүйн эрхэнд дуугарч байна. Эрдэнэтийн асуудлаар огт чимээгүй явж байсан, энэ тухай л битгий яриасай гэж залбирч байсан хүмүүс гэнэтхэн 51 хувийн талаар ярьж эхэллээ. Сонин байгаа биз.
- Хэдэн улстөрчөөс л боллоо гэж ойлгох уу?
- Энэ нь зарим улстөрчдийн увайгүй үйлдлийн тусгал. 1990-ээд оны үед Монгол Улсын цорын ганц саалийн үнээ гэгдэж, биднийг тэжээж ирсэн ганц үйлдвэрийн толгойг залгих дээрээ тулчихлаа.
Эх сурвалж: Өдрийн сонин