Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр буюу 03 дугаар сарын 06-ны өдөр Катар Улсаас хавсран суугаа Элчин сайд Султан Аль-Мансури-г хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Элчин сайд улсынхаа Ерөнхий сайд Абдулла Бин Насер Бин Халифа Аль-Тани-гийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилж, Катар Улсад урьсан урилгыг гардуулав.
Урилгыг талархан хүлээн авч байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд хариу мэндчилгээ дэвшүүлэн, тус улсын Эрхэм дээд Эмирийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хэвээр гэдгийг дурдсан юм.
Хоёр орны харилцаа улам бэхжин, хамтын ажиллагаа идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлээд, үүнд Элчин сайдын оруулж байгаа хувь нэмэр их гэдгийг тэмдэглэлээ. Мөн Катар Улс Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээвэл дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Түүнчлэн Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, спорт, соёл, агаарын тээвэр, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, хот байгуулалт, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катар Улсад айлчлах үеэр хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.