Ц.Элбэгдорж Цаазаар авах ялын эсрэг олон улсын комиссын комиссар боллоо
Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ICDP буюу International Commission against the Death Penalty (Цаазаар авах ялын эсрэг Олон Улсын комисс)-ын шинэ комиссараар томилогдлоо. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө АН-ын даргын албан тушаалд санаархаж, өөрийн дотны шадар туслах болох Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагааныг энэ албан тушаалд өрсөлдүүлсэн. Гэвч АН-ынхан Ц.Элбэгдоржийн энэ санааг ойлгон түүний ойрын туслахыг дэмжээгүй. Ц.Элбэгдоржийн зүгээс Ерөнхийлөгчийн албан тушаалаа ашиглан П.Цагааныг дэндүү ихээр дэмжиж, "мотордсон" ч бүтэлгүйтгэсэн. Угтаа бол Ц.Элбэгдорж П.Цагааныг АН-ын дарга болгон түүний албан тушаалаар өөрийгөө хамгаалан, эцэстээ түүнээс АН-ын даргын албан тушаалыг авах бодолтой байв.
Энэ бүтэлгүйтвэл түүнд "Б төлөвлөгөө" байсан бөгөөд тэр нь АНУ-д амьдарч, НҮБ гэх мэт олон улсын томоохон байгууллагад боломжийн албан тушаалд очих эрмэлзэл байв.
Энэ ч ёсоор Ерөнхийлөгч асан "Б төлөвлөгөө"-гөө амжилттай хэрэгжүүллээ. Түүний ганц айдас нь Н.Энхбаяр шиг "оймсоо гозолзуулахгүй" байх юмсан гэсэн бодол байсан. Тиймдээ ч шалгагдаж, хоригдохоос өөрийг нь хамгаалах албан тушаал хэрэгтэй байв.
Экс Ерөнхийлөгчийн хувьд улстөрд Н.Энхбаяр, Х.Баттулга, МАН гээд олон дайсантай. Ганц итгэл найдвар болсон төрөлх АН-аас нь түүнд өс санасан хүн Төрийн тэргүүн болчихоор Ц.Элбэгдоржид Монголд багтах зай үлдсэнгүй.
Ингээд харийн орныг зорьсон Ц.Элбэдорж өөрийнх нь "утсан хүүхэлдэй" Ч.Сайханбилэгийг шалгаад эхлэнгүүт Цаазаар авах ялын эсрэг Олон Улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчийн албан тушаалд очиж, Монголын төр намайг шалгахгүй шүү хэмээн Х.Баттулга тэргүүтэнгийн өөдөөс "салаавч өглөө".
Ингэж идсэн тогоо уруугаа нулимж, ямар ч үнээр хамаагүй шалгуулахгүй хэмээн хичээж байгаа түүний ганц зорилго нь нэр цэвэр үлдэх хүсэл юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд парламентын засаглалыг халж ганц хүний ардчилсан дэглэм тогтоохоор орон нутгаар явж ард түмнээс дэмжлэг хүсч байгаа. Мөн цаазын ялыг сэргээхээр олон талт тархи угаалт явуулж байгааг улстөрийн хүрээнийхэн өрсөлдөгчөө айлгах, намнах гэсэн санаархал хэмээсэн.
Монголд ийм зүйл өрнөж байхад олон улсад Ц.Элбэгдорж цаазын ялын эсрэг комисст орсон нь тэр хоёрын хоорондох сөргөлдөөнийг дахиад л бадраах бололтой.
Юутай ч, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цаазаар авах ялын эсрэг Олон Улсын комиссоос тусгай эрх олгогдсон хүнээр сонгогдож, энэ байгууллагад элсэх үеэрээ "Цаазын ялаас дэлхийг чөлөөлөх тэмцэлд нэгдэж байгаадаа туйлын их баяртай байна" гэж хэлжээ.
Арга ч үгүй юм, Ц.Элбэгдорж айдгаа авдартаа хийж, Монголын төр түүний өмнө хүчин мөхөстөж байна. Ц.Элбэгдоржийн хувьд 1990 оны хувьсгалаар улстөрд орж ирсэн бөгөөд 1998 он болон 2004-2006 онд Ерөнхий сайд, 2009-2017 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Дашрамд дурдахад, Цаазаар авах ялын эсрэг Олон улсын комисс нь 2010 онд байгуулагдсан Алжир, Аргентин, Бельги, Доминиканы бүгд найрамдах улс, Франц, Итали, Казахстан, Мексик, Монгол, Норвеги, Филиппин, Португал, Өмнөд Африк, Испани, Швейцарь, Того, Турк гэсэн 17 дэмжигч оронтой хүний эрхийн тусгай хороо юм.
Уг хорооны тэргүүн буюу ерөнхийлөгч нь Наванетхем Пиллэй (Navanethem "Navi" Pillay) хэмээх Өмнөд Африк гаралтай Энэтхэгийн иргэн бөгөөд тэрээр 2008-2014 онд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараар ажиллаж байсан нөлөө бүхий хатагтай юм.