В.Путин, С.Шойгу нар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н. Энхболдыг Оросын армийн 100 жилийн ойд урьжээ
Оросын армийн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уригдан оролцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нартай уулзаж ойн арга хэмжээнд урьсанд талархлаа илэрхийллээ.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хоёр орны цэрэг, цэрэг техникийн хамтын ажиллагаа, энэ онд болон дунд хугацаанд хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Мөн ОХУ-ын БХЯ-ны зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг шинэчлэн сайжруулах, цэргийн боловсон хүчин бэлтгэхэд тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.
Түүх сөхвөл, 1918 оны нэгдүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд Зөвлөлт Орос Улсыг гадаад дотоодын дайснаас хамгаалах зорилгоор Ажилчин, Тариаланчдын Улаан арми, флот байгуулагдаж хоёрдугаар сарын 23-нд сайн дурынхныг элсүүлж эхэлсэн байна. Тиймээс энэ өдөр Улаан армийн төрсөн өдөр болж, ойн баярын арга хэмжээ эхэлсэн байна.