Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж Хот тохижилтийн газраас үйл ажиллагааг нь хариуцдаг “Сити тойлет” нийтийн бие засах газрын цаашдын үйл ажиллагааны менежментийн талаар авч хэлэлцсэн байна.
“Сити тойлет” нийтийн бие засах газар нь нийслэлийн хэмжээнд нийт 20 байршилд байдаг бөгөөд тэдгээрийн 14 нь төвийн дулаан шугамд холбогдоогүйгээс өвлийн улиралд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, ашиглалтын зардал өндөртэй улмаас үйл ажиллагаа нь зарим газраа зогссон зэрэг хүндрэл учраад байгаа аж.
Үйл ажиллагааны зардалд зориулсан төсөвийг нэмэгдүүлэх эсвэл цаашид удирдлагын хувьд үйл ажиллагааны чиг үүргийг нь алдагдуулахгүйгээр хуулийн этгээд хувь хүнд тодорхой нөхцөлтэйгээр менежментийн гэрээгээр ажлуулах гэсэн 2 хувилбараар асуудлыг шийдвэрлэх санал оруулжээ. Засаг даргын зөвлөлийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцэн цаашид нийтийн бие засах газрыг нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчин хангах зорилгоор үргэлжлүүлэн ажиллуулж үйл ажиллагааны зардал, дулаанд холбох бүх зардлын тооцоо судалгааг сайтар гаргаж нийслэлийн төсвөөс санхүүжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан байна.