С.Баярын хэр хүчтэйгээс хамаарч “Эрдэнэт”-ийн асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэх нь шийдэгдэнэ

2018-02-28, 15:23 Улс төр 1,856 4
С.Баярын хэр хүчтэйгээс хамаарч “Эрдэнэт”-ийн асуудлаар нээлттэй сонсгол хийх эсэх нь шийдэгдэнэ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Энхболд нар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьсан асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Асуулгын хариуг Засгийн газраас өгсөн бөгөөд энэ талаараа гишүүд мэдээлэл хийсэн. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Бид Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Засгийн газраас тодорхой хариулт авахыг хүссэн. Зарим асуудлаар АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул тодорхой хариулт өгөх боломжгүй гэсэн хариулт өглөө. Эрдэнэт үйлдвэр нэгэнт баталгаа гаргаж өгсөн нь тодорхой, түүнийг нь төлөх нь ч тодорхой. Зээлийн хүү өдөрт 800 - 900 ам.доллараар өсч байгаа. Жастын Ш.Батхүүгийн зээлсэн мөнгийг Эрдэнэтийн дансаар дамжуулсан. Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага 10 сая ам.доллар хүртэлх тоон баримтад гарын үсэг зурах эрхтэй. Үүнээс дээш бол ТУЗ-ийн зөвшөөрлийг авах ёстой. Гэтэл тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлага ТУЗ-өөсөө зөвшөөрөл аваагүй байна. Тиймээс яаралтай арга хэмжээ авахгүй бол Эрдэнэт үйлдвэрт өндөр эрсдэл хүлээхээр байгааг анхаарах хэрэгтэй. Энэ хэрэг 5 жилийн өмнө үүссэн ч Эрүүгийн хэрэг өнөөг хүртэл яагаад шийдэгдэхгүй байна. Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байгаа юм биш үү гэсэн болгоомжлол байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал ил цагаандаа гарсан луйвар гэдэг нь тогтоогдлоо. ЦЕГ-ын мөрдөн байцаах газрын эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудалд 2013 оноос эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин 2015 оноос АТГ-т уг хэрэг шилжсэн. Ямар учраас хууль хяналтын байгууллагууд ийм төрлийн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг сунгаад байна вэ. Энэ мэт хэргүүдийг ил болгох талаар ажиллах шаардлагатай байна. Авлигын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгаа байх ёсгүй. Үндсэндээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр хүртэл нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашиг яригдаж эхэллээ. Эрдэнэтийн асуудал манай хойд болон урд хөршид болсон бол юу болох байсан бол. Цаашдаа бид ямар нэгэн байдлаар баримттай биш мэдээллийг олон нийтэд өгөхгүй байх талаар анхаарч ажиллана. Шаардлагатай гэж үзвэл Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад санал тавина” гэв.

Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Энхболд нарын тавьсан асуулгын хариу /бүрэн эхээрээ/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР, Т.АЮУРСАЙХАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ж.ЭНХБАЯР, Л.ЭНХБОЛД НАРААС ТАВЬСАН АСУУЛТЫН ХАРИУ

Нэг. “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан нийт зээлийн хэмжээний талаар

2009-2010 онд “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банк (цаашид “Стандарт банк” гэх)-аас авсан зээлийн нийт хэмжээг Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх дээр үүссэн арбитрын хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гаргавал:

- 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Жаст групп” ХХК нь Стандарт банктай 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн;

- 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Жаст групп” ХХК нь Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн.

Дээрхийг нэгтгэвэл, 2009-2010 онд “Жаст групп” ХХК Стандарт банкнаас нийт 109,000,000 ам.долларын зээл авсан байна.

Хоёр. Зээл авсан үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх талаар

Зээл авсан үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байна.

Гурав. Баталгаа гаргасан холбогдох албан тушаалтнууд хууль зүйн хувьд эрхтэй байсан эсэх талаар

 Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана” гэж заасан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрэмд зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь 10,000,000 сая хүртэлх ам.долларын хэлцэлд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр төлөөлөх эрхтэй бөгөөд түүнээс дээш үнийн дүнтэй хэлцэлд оролцох эрхгүй юм.

Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад “Жаст групп” ХХК хуурамч баримт бичиг бүрдүүлж зээл авсан талаар тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдүүлжээ.

Энэ асуудлаар иргэн Ш.Батхүү нарт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд 2015 оноос Авлигатай тэмцэх газар шалгаж байна.

Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхээс “Жаст групп” ХХК болон Стандарт банк хооронд байгуулсан 2009, 2010 оны Үндсэн зээлийн гэрээнүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК оролцсон байдлыг дараах байдлаар үндэслэлүүдийг дурьдсан байна. Үүнд:

2009 оны Үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт:

- Стандарт банк нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дагаж мөрддөг хууль, эрх зүйн баримт бичгийн хүрээнд гэрээнд оролцох чадамжтай байсан;

- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан.

2010 оны Үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт:

- Тус зээлийн гэрээнээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК ашиг хүртэх боломжтой байсан;

- Тус зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан;

- Тус зээлийн гэрээтэй холбоотой барьцаа гэрээний эрх шилжүүлэх тухай мэдэгдлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас дамжуулснаар эрх шилжүүлэлт хүчин төгөлдөр болсон;

- Тус зээлийн гэрээтэй холбоотой санхүүгийн баримт бичгүүдэд “Жаст групп” ХХК-ийн захирал Л.Бадамцэцэгийн цуглуулсан гарын үсгүүд байсан;

- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон гэж дурьдсан байна.

Дөрөв. Өмнөд Африкийн Стандарт банкнаас олгосон зээл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дансанд орсон эсэх, түүнийг хэрхэн зарцуулсан талаар

Эрдэнэт үйлдвэр ХХК-аас ирүүлсэн мэдээллээс авч үзвэл 2010-2013 онуудад Стандарт банкнаас нийт 213,3 сая ам долларын орлогын гүйлгээ Эрдэнэт үйлдвэрийн холбогдох дансанд орж ирсэн байна. Энэхүү орж ирсэн мөнгө нь Меркентал хаус, Миллфорд Глобал корпорациас төлөгдсөн борлуулалтын орлого гэж бүртгэгджээ. Уг орлогоос УБТЗ ХНН-д тээврийн хөлсний төлбөрт 55,6 сая ам доллар, Жаст компаниас нийлүүлсэн түлш, шатахууны төлбөрт 41,2 сая ам.доллар зэрэг төлбөрт Эрдэнэт үйлдвэр ХХК-аас шилжүүлсэн байна.

Тав. Зээлтэй холбогдуулан олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар

“Жаст групп” ХХК зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбогдуулан Стандарт банк нь 2013 оны 7 дугаар сард Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхэд хандан 109,000,000 ам.долларын зээлийн гэрээнд хамаарах 86,950,000 ам.долларыг баталгаа гаргасан гэсэн үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас нэхэмжилсэн.

Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх 2016 оны 5 дугаар сард шүүх хуралдааныг явуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Жаст групп” ХХК-д баталгаа гаргасан гэж үзэж, 50,988,425.60 ам.долларын төлбөрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Английн Хатан хааны дэргэдэх Худалдааны дээд шүүхэд давж заалдах гомдол гаргах зөвшөөрлийг хүссэн боловч тус шүүх 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гаргаж, 14 хоногийн дотор 50,988,425.60 ам.долларыг шүүхэд байршуулснаар давж заалдах зөвшөөрөл олгох нөхцөл заасан байна.

Тухайн үед дээрх нөхцөлийг биелүүлэх боломжгүй байсан тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас Английн Давж заалдах шатны шүүхэд уг захирамжийг давах хүсэлт гаргасан боловч 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан захирамжаар татгалзаж эцэслэн шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэр гарсны дараа Өмнөд Африкийн Стандарт банк нь үндсэн зээлийн хүү, шүүх ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус шүүх хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 14,438,164 ам.долларын зардал, 26,782,381 ам.долларын үндсэн зээлийн хүү, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3,142,063 ам.доллар, нийт 44,362,608 ам.долларыг гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг хүү, зардалтай холбоотой маргаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс давж заалдсан бөгөөд хэргийн ажиллагаа үргэлжилж байна.

Түүнчлэн Стандарт банк нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн Худалдааны Дээд шүүхэд хандан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлүүлэх талаар захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2017 оны 11-р сарын 17-ны хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

 Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээллийг сонссон бөгөөд үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, мөн хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох асуудлаар Стандарт банктай нэн даруй хэлцэл хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод байна.

---ooOoo---

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг баталгаанд гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар  УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуултын хариуг Засгийн газар хүргүүлсэн байна. 

Хариуг бүрэн эхээр нь хүргэж байна. 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮГЭЭС ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАЖ ТАВЬСАН АСУУЛГЫН ХАРИУ

Нэг. Үүссэн нөхцөл байдлын талаар

“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банк /цаашид “Стандарт банк” гэх/-тай 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн.

Түүнчлэн, 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уг гэрээнд нэмэлт оруулж зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр “Жаст групп” ХХК Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банктай нийт 109,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-г байгуулсан.

Гэвч Ш.Батхүү зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбоотойгоор “АйСиБиСи Стандарт банк ПиЭльСиСтандарт”, “Өмнөд Африкийн Стандарт банк” болон Лондонгийн “Форфейтинг компани” нар 2013 оны 7 дугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд хандаж “Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан дээрх “Зээлийн гэрээ”-үүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь батлан даагчаар оролцсон гэж үзэж төлөгдөөгүй үлдсэн 86.950,000 ам.долларыг нөхөн төлүүлэхээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас нэхэмжилсэн байна.

“Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан дээрх “Зээлийн гэрээ”-нүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь батлан даагчаар оролцсон гэдэг боловч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эрх бүхий удирдах албан тушаалтнуудаас зохих зөвшөөрөл өгөөгүй байхад “Жаст групп” ХХК хуурамч материал бүрдүүлж зээл авсан гэж тухайн үеийн үйлдвэрийн болон Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдүүлдэг.

Иймд иргэн Ш.Батхүү нарт Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 201301000330 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд уг эрүүгийн хэрэгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК хохирогчоор тогтоогдоогүйгээс хэрэг шийдвэрлэгдээгүй удаж байсан.

Харин 2016 оны 10 дугаар сард Авлигатай тэмцэх газар уг эрүүгийн хэргийг сэргээж “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцож байна. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа уг хэрэг нь Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн шийдвэрийг орчуулах шаардлагатай байгаагаас 2016 оны 12 дугаар сард прокуророос түдгэлзүүлээд байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2017 оны 12 дугаар сард дахин сэргээлгэх хүсэлт гаргаснаар 2017 оны 3 дугаар сард хэргийг сэргээснээр уг хэрэг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаалтын шатанд явагдаж байна.

Хоёр. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох олон улсын шүүх, арбитрын шийдвэрийн талаар

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхээс Стандарт банкны нэхэмжлэлээс 35,950,000 ам.долларын төлбөрийг хэрэгсэхгүй болгож, 50,988,425.60 ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас гаргуулж, Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК эс зөвшөөрч, Английн хатан хааны дэргэдэх Худалдааны дээд шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК арбитрын шүүхийн шийдвэрүүдийг давж заалдах тохиолдолд 51,000,000 ам.долларыг байршуулах нөхцөлтэй шийдвэр гарсан байна.

Энэхүү шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч Стандарт банк нь Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд үндсэн зээлд холбогдох хүү, шүүхийн ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 14,438,164 ам.долларын зардал, 26,782,381 ам.долларын үндсэн зээлийн хүү, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3,142,063 ам.доллар, нийт 44,362,608 ам.долларыг гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн, Стандарт банк нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн Худалдааны Дээд шүүхэд хандан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлүүлэх талаар захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2017 оны  11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг компанийн хувьцааны тодорхой хувийг барьцаалсан асуудал байхгүй болно.

Үндсэн зээлийн асуудлыг шийдвэрлэсэн Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн талаар:

1. Стандарт банктай 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-ний талаарх маргаан

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн  2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр “Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан 2009 оны “Зээлийн гэрээ”-ний үндсэн дээр байгуулагдсан “Батлан даалтын үндсэн гэрээ”-ээр “Эрдэнэ үйлдвэр” ХХК-д үүрэг хүлээлгэж,  хожим оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдээр зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн төлбөрт үүрэг хүлээлгэхгүйгээр 36,000,000.00 ам.доллларыг төлбөр, түүнд тооцогдох хүүгийн хамт “Эрдэнэт үйлдвэр” ХХК төлөх шийдвэр гаргасан.

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх Стандарт банк нь ““Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дагаж мөрддөг хууль, эрх зүйн баримтуудын хүрээнд гэрээнд оролцох чадамжтай байсан бөгөөд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн захирал Ч.Ганзориг тухай гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан” гэж үзжээ.

2. Стандарт банктай 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-ний талаарх маргаан

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх нь  2016 оны 6 дугаар сард “Эрдэнэт үйлдвэрт” ХХК-д 2010 оны үндсэн “3ээлийн гэрээ”-гээр үүрэг хүлээлгэж, харин тухайн үед удаа дараа оруулсан нэмэлт гэрээнүүдээр үүрэг хүлээлгэхгүй байхаар шийдвэрлэснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК Стандарт банкинд 14,988,425.60 ам.долларын төлбөрийг тухайн үед тооцогдох хүүгийн хамтаар төлөхөөр шийдвэрлэсэн.

Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх шийдвэртээ 2010 оны зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон” гэж үзсэн байна.

  Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн 2009 болон 2010 оны зээлийн үндсэн гэрээнд холбогдох маргааныг шийдвэрлэсэн дээрх шийдвэрүүдээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 51 сая орчим ам.долларыг Стандарт банкинд төлөх үүрэг хүлээгээд байна.

Дээрх шийдвэрүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК эс зөвшөөрч, Английн хатан хааны дэргэдэх Худалдааны Дээд шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК Арбитрын шүүхийн шийдвэрүүдийг давж заалдах тохиолдолд 51 сая орчим ам.долларыг байршуулах нөхцөлтэй шийдвэр гаргасан байна. Үүнийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор 50.988.425.60 ам.долларыг шүүхэд төлөөгүй тохиолдолд арбитрын шийдвэрт давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Хүү болон зардлын талаар шийдвэрлэсэн хэргийн талаар:

Стандарт банк болон бусад нэхэмжлэгч Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд хандан гаргасан нийт нэхэмжлэлийнхээ хүрээнд шүүх ажиллагааны явцад зарцуулсан зардал, хүүг тооцуулж авах нэхэмжлэлийг Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд  2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхээс 2009, 2010 оны “Зээлийн гэрээ”-нүүдэд холбогдох маргааны зардлын төлбөрт 14,438,164.00 ам доллар, хүүгийн төлбөрт 26,782,381.74 ам.доллар, арбитрын шүүхийн төлбөрт  476,831.75 фунт стерлингийг “Эрдэнэт үйлдвэр"-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХ-ийн эд хөрөнгийг илрүүлэх тухай шийдвэрлэсэн талаар:

Стандарт банк нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг илрүүлэх агуулга бүхий хүсэлт гаргасан. Уг арбитрын шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хөрөнгийн мэдээлэл гаргуулах тухай захирамж гаргаж "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн гадаад, дотоодод  байх 500,000.00 ам.доллараас дээш өртөг бүхий эд хөрөнгийн талаарх мэдээлэл, дансны дэлгэрэнгүй мэдээлэл, авлагын мэдээлэл, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш 500,000.00 ам.доллараас дээш үнийн дүнтэй гүйлгээ хийгдсэн бүх гүйлгээний мэдээллийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дотор Стандарт банкинд хүргүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжид давж заалдах гомдол гаргах хүсэлтийг Английн худалдааны дээд шүүхэд гаргасныг шийдвэрлээгүй байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг санхүүгийн мэдээллээ ил болгох шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлэх хүсэлтийг Стандарт банкаас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн дээд шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Английн дээд шүүхийн шүүгчийн захирамжийг зөрчсөн болохыг тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргах зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн байна.

Шүүх, арбитрын шийдвэрийн дагуу Стандарт банкинд олгох төлбөр болон одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар:

Английн Олон Улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу 2009, 2010 оны үндсэн зээлийн гэрээний төлбөрт нийт 50,988,425.60 ам.доллар/цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хам/, шүүхийн ажиллаагааны зардал болон хүүнд нийт 44,362,608 ам.доллар /цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хамт/, нийт 95,351,033.60 ам, долларыг Стандарт банкинд төлөх бөгөөд уг төлбөрийн хүү сар бүр 870,000-900,000 ам.доллараар өсөж, 2018 оны 1 дүгээр сарын байдлаар 101,000,000 ам.доллар болоод байна.

Монгол Улс 1958 онд батлагдсан Монгол Улсын Олон улсын гэрээ, гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцид 1994 онд нэгдэн орсон бөгөөд энэхүү гэрээнд зааснаар иргэн, хуулийн этгээдийн хооронд гарч болох маргааныг шийдвэрлэсэн бусад улсын нутаг дэвсгэрт гарсан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх үүрэг хүлээсэн.

Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас үндсэн нэхэмжлэлтэй холбоотой гарсан шийдвэрүүдийг хянуулах зөвшөөрөл авахаар Английн дээд шүүхэд хандсан боловч уг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд уг маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа  компаниас ялах магадлал тун бага гэсэн зөвлөмж ирүүлээд байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Стандарт банкны нэхэмжлэлтэй уг асуудлаар удаа дараа хуралдаж, болзошгүй өр төлбөрийг компанид хохирол багатайгаар шийдвэрлэх талаар хэлцэл хийх эрхийг компанийн гүйцэтгэх удирдлагад өгсөн.

Мөн Стандарт банктай хэлцэл хийх замаар холбогдох төлбөрийн хүүг зогсоож, төлбөрийг барагдуулах саналыг Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар сонсож, энэ талаар тодорхой чиглэл өгсөн.

Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд энэхүү үүсээд байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд хүрсэн үр дүнгийн талаар Улсын Их Хурлын эрхэм гишүүн Танд мэдэгдэх болно.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419