О.Батбаяр: Улс төр, эдийн засаг, билнесийн орчинд авлигын эрсдэл өндөр, шүүх засаглал нь хараат байгаагаас индекс буурсан
Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн болох Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас улс орнудын 2017 оны авлигын төсөөллийн индексийн дүнг танилцууллаа. Манай улсын хувьд 36 оноогоор 180 орноос 103 дугаар байрт жагсчээ. Энэ нь өмнөх жилийнхээс 16 байраар ухарсан үзүүлэлт юм. Төсөөллийн судалгааны дүн юуг илэрхийлж байна вэ? Энэ судалгаа АТГ-ын ажлын үр дүнг илэрхийлэх үү? Ямар учраас байр ухарч олон улсын авлигын үзүүлэлтээр тааруу дүнтэй гарав? Шалтгаан юу вэ гэх зэрэг асуудлаар тодруулж “Транспэрэнси Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяртай уулзаж ярилцав.
Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтүүдийг АТГ-ын ажлын үр дүнтэй холбох нь утгагүй, тэгэх ч боломжгүй
- Энэ жилийн судалгааны онцлог нь юу байв?
- 2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг дэлхий даяар Транспэрэнси Интернэшнл байгууллага үүсэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойгоор зарлалаа. Судалгаанаас харахад хэвлэл мэдээллийн эрх чөлөө бага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хамгаалалт сул улс орнуудад авлигын түвшин өндөр буюу авлигын индексийн оноо бага байна.
Авлигын төсөөллийн индекс нь тухайн улс орны төрийн салбарын авлигыг дүгнэсэн экспертүүдийн үнэлгээнд үндэслэдэг. Авлигад өртсөн байдлыг 180 улсын түвшнийг жагсаан 100 хүртэлх оноогоор дүгнэдэг бөгөөд “100” оноо авбал авлигагүй гэж үздэг бол "0" оноо авбал өндөр авлигатай орны тоонд ордог. Энэ жил авлигын төсөөллийн индексээр 50-аас доош оноо авсан улс орнуудаас гуравны хоёроос дээш оноо авсан улсуудын дундаж оноо 43 байна. Сүүлийн 6 жилийн турш Кот Ивуар, Сенегал, Их Британи зэрэг улсуудын авлигын төсөөллийн индексийн оноо сайжирсан бол Сири, Йемен, Австрали зэрэг хэд хэдэн улсууд буурчээ.
2017 оны хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад 81 улсын оноо нь сайжирсан боловч 62 улсын оноо буурч, авлигын төсөөллийн индексийг Шинэ Зеланд, Дани Улс 89 оноогоор тэргүүлсэн бол Сири, Өмнөд Судан, Сомали зэрэг улсууд нь хамгийн бага буюу 14, 12, 9 оноогоор сүүлийн байрт жагслаа. Хамгийн сайн гүйцэтгэлтэй бүс нутаг болсон Баруун Европын орнууд нь дунджаар 66 оноотой бол хамгийн муу үзүүлэлттэй бүс нутагт Сахараас урагш Африк, Зүүн Европ, Төв Азийн улсууд багтсан. Аль ч улс авлигаас бүрэн ангид байх боломжгүй ч гэлээ оноогоороо дээгүүр жагссан улс орон нь нээлттэй засаглал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэний эрх, эрх чөлөө, хараат бус шүүхийн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг улсууд юм. Авлигын төсөөллийн индексээрээ доогуур жагссан улс орнууд нь авлигачид ял шийтгэлгүй өнгөрдөг, ядуу засаглалтай, сул дорой институцтай байдлаараа бага оноо авсан байна.
- Монгол Улсын авлигын индексэд ямар онцлог байв? Яагаад энэ жил буурав? Ямар хүчин зүйлүүд нөлөөлсөн бэ?
- Энэ асуултад хариулахын тулд Монгол Улсад оноо өгсөн олон улсын эксперт байгууллагууд ямар шалгуураар оноо өгснийг харах хэрэгтэй. Транспэрэнси Интернэшнл байгууллага Авлигын төсөөллийн индексийн дүнг тооцохдоо 13 мэдээллийн эх сурвалжийг ашигладаг. Харин манай улсын дүнг тооцохдоо 9 эх сурвалжийн мэдээллийг ашигласан байна. Өмнөхөөс үнэлгээ буурсан 5 үзүүлэлт байгаа. Энэ нь улс орны бодлого, институцийн үнэлгээ, үзэл бодлын судалгаа, хууль дээдлэх ёсны индекс, бизнесийн орчин, эрсдлийн үзүүлэлт, өрсөлдөх чадвар байв. Гол оноог бид эдийн засгийн орчин, түүн дотроо зээлийн зэрэгжил буурснаас болж алдсан байна. Төсвийн хөрөнгийг хариуцлагагүй, ил тод бусаар зарцуулж байна гэсэн үзүүлэлт дээр ихээхэн оноо алдлаа. Төсвийн хөрөнгийг хариуцлагагүй зарцуулсан хүмүүс хариуцлага хүлээхгүй байгаа нь мөн оноо алдахад нөлөөллөө. Мөн Монголд бизнес хийж байгаа гадны ба дотоодын бизнес лидерүүд бизнесийн орчин авлигатай байна гэж үзсэн нь ихээхэн оноо алдахад нөлөөлсөн.
Тэгэхээр төсөөллийн судалгааны дүнд үндэслэн Транспэрэнси Интернэшнл байгууллагаас манай улсад тодорхой зөвлөгөө өгч байгаа. Шийдвэр гаргагч нарт хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, хариуцлага алдсан хүмүүст шийтгэл оноодог байх, бизнесийн орчин дахь авлигын эрсдлийг бууруулах, чөлөөт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, ашиг сонирхлын зөрчилтэй улстөрчдийн төсвийн хөрөнгө завших боломжийг таслан зогсоох, төрийн байгууллагууд бизнес эрхлэгчдэд зохиомол бэрхшээл учруулж байгааг зогсоох, баялаг бүтээгчдийг дэмжиж чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, бизнесийн орчинг сайжруулах, хуулийн засаглал дахь шударга байдлын үнэлгээг нэмэгдүүлэх зэрэг зөвлөмжийг өгч байгаа. Улстөрчдийн нөлөө ба авлигын эрсдэл нь прокурор болон шүүгч нарын шийдвэрт нөлөөлж байгаа нь оноо буурахад нөлөөлсөн байх талтай. Хуулийн засаглалын хараат бус байдлыг бэхжүүлэхийг зөвлөж байна. Улс төрийн намуудын авлига, ил тод бус санхүүжилт, улс төр бизнесийн бүлэглэлээс бүрдсэн авлигажсан капитализмын (crony capitalism) тогтолцоог устгах шаардлагатайг харуулж байна.
- Өссөн ганц үзүүлэлт байгаа юм билээ. Тэр нь юуг хэмжсэн байсан бэ?
- Эерэг үзүүлэлт бас байгаа. Улс орнуудын шилжилтийн индексийн үзүүлэлтээр 41 оноо авч өмнөхөөс 5 оноогоор өссөн. Энэ нь АТГ-ын 2016-2017 онд шалгасан болон шийдвэрлэсэн авлигын хэргүүд өсч Засгийн газарт авлигатай тэмцэх улс төрийн хүсэл эрмэлзэл бий болсныг илэрхийлсэн эерэг үзүүлэлт боллоо. Цаашид АТГ-ыг бүх талаар улам бэхжүүлэх шаардлагатай. Засгийн газар авлигын эсрэг үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх ёстой.
- АТГ гэснээс авлигын төсөөллийн индекс нь АТГ-ын ажлын үр дүнг хэмждэг юм уу?
- Транспэрэнси Интэрнэшнл байгууллагаас 1995 оноос хойш гаргаж эхэлсэн Авлигын төсөөллийн индекс нь тухайн улсын хууль тогтоох байгууллага ба хууль хэрэгжүүлэх байгууллага мөн шүүх засаглалд байгаа авлигын орчинг шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалаар тооцоолон гаргаж ирж дэлхий даяар мэдээлдэг чухал үзүүлэлт юм.
Авлигын индексээр тухайн улс оронд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг эсэх, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашигладаг эсэх, Засгийн газар авлигын эсрэг үр дүнтэйгээр тэмцэж, шударга байдыг төрийн салбарт хэвшүүлдэг эсэх, зориудаар хүнд суртлыг бий болгож, авлигыг дэмждэг эсэх, төрийн албанд томилгоо хийхдээ танил тал хардаг эсэх, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтанд хариуцлага тооцдог эсэх, хөрөнгө орлогын мэдүүлэг авах, ашиг сонирхлыг зөрчлөөс сэргийлэх хангалттай эрх зүйн орчин байгаа эсэx, шүгэл үлээгч, сэтгүүлчдийг хамгаалсан хууль, эрх зүйн орчинтой эсэх, төрийн үйл ажиллагааны мэдээлэл нээлттэй эсэх, бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн далд ашиг сонирхол нь хууль тогтоох болон гүйцэтгэх мөн шүүх засаглалд нөлөөлдөг эсэхийг хэмждэг.
Харин авлигатай нүүр тулсан иргэдийн авлигын талаарх үзэл бодол, татвараас зайлсхийсэн эсэх, хууль бус санхүүгийн гүйлгээ, мөнгө угаах гэмт хэрэг, хувийн хэвшлийн хоорондын авлига, тухайн улсын авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг хэмждэггүй. Тэгэхээр Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтүүдийг АТГ-ын ажлын үр дүнтэй холбох нь утгагүй, тэгэх ч боломжгүй. Улстөрчид, хууль тогтоогчид нь авлигын эсрэг тэмцэж байгаа “Хоточ нохой” болсон АТГ-аа барьж аваад балбаад байлгүй хууль эрх зүйн орчинг нь улам бүр сайжруулаад санхүү хүний нөөцийг нь нэмэгдүүлж ажиллавал манай улсын оноо сайжирна. Учир нь гол оноог авлигын эсрэг тэмцэж буй Засгийн газрын улс төрийн хүсэл эрмэлзэл хэр өндөр байгаа дээр өгдөг. Транспэрэнси Интернэшнл байгууллага дэлхийн бүх орнууд, түүн дотроо Ази тивийн хамаатан садансаг соёлын өвөрмөц онцлогтой орнууд АТГ-аа улам бэхжүүлэн авлигыг устгасан Хонгконг, Сингапур, Тайван улсын жишгээр ажиллах ёстой гэж үздэг.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин