АНУ-ын Батлах хамгаалахын нарийн бичгийн даргын туслах өнөөдөр манай оронд айлчилна
АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга (сайд)-ын Ази, Номхон далайн асуудал хариуцсан туслах Рэндалл Шрайвер 2 сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд манай оронд айлчилна. Рэндалл Шрайвер Монгол Улсад хийх албан айлчлалынхаа хүрээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзаж, яриа хэлэлцээ хийнэ.
Яриа хэлэлцээний үеэр Монгол-АНУ-ын Батлан хамгаалах салбарын асуудал, алба хаагчдын нөхцөл байдал болон тэдгээрийн ар гэрийнхэнд үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар санал бодлоо солилцох аж.
Хоёр тал маргааш буюу гуравдугаар сарын 1-нд хамтарсан хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн даргын туслах нь АНУ-ын Батлан хамгаалахын салбарын өндөр дээд албан тушаал бөгөөд АНУ-ын Засгийн газрыг албан ёсоор төлөөлдөг юм. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Батлах хамгаалахын нарийн бичгийн даргын Ази-Номхон далайн асуудал хариуцсан туслахаар томилсон бөгөөд Ерөнхийлөгчийн томилгоог Сенатын танхим 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталснаар, Рэндалл Шрайвер 2018 оны 1 дүгээр сарын 8-нд тангаргаа өргөж, албан ёсоор ажилдаа оржээ.