Ч.Сайханбилэг үнэнээ өчиж, Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар хуулийн хариуцлага хүлээх үү
Н.Алтанхуягийг АН-ынхан МАН, МАХН-тай хавсаадаж хамраар нь газар хатгатал унагасан билээ. Дараахан нь АН-ын арай ухаалаг гишүүд Н.Алтанхуягийг унагасан хэдийгээ эх орноосоо урвагчид гэх нь холгүй юм болсон.
2012 оны сонгуульд намаа ялалтад хүргэн олонхи болгож. Ерөнхий сайд болсон АН-ын дарга Н.Алтанхуяг их юм хийх байсныг ухаарсан хэрэг л дээ.
Н.Алтанхуягийг нулимстай нь хутгаж, түүгээр "Шударга бусын хонгилын эзэн" хэмээн цоллуулахдаа хүрсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ бүхний ард байсан юм. 1996 онд АН анх удаа олонхи болж төрийн эрхэнд гараад яасныг ард түмэн мартаагүй. Өлсгөлөн чононууд бэлэн олзон дээр ирсэн юм шиг "найралсан".
Сэргээн босголт тэргүүтэй төрийн өмчийн банкууд дампуурч, Эрдэнэтийн асуудал эгзэгтэй болж, АН доторх шунал, тэмцэл туйлдаа хүрсэн. Сүүлдээ нэгнийх (С.Зориг) нь амь нас эрсэдсэнээр АН-ын тэмцэл, зөрчил намжсан юм.
Үүний дүнд ард түмний амьдрал доройтож, олон жилийн дараа буюу 2012 онд АН дахин олонхи болсон.
2012 онд 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2016 онд 0 хувийн өсөлттэй, үр ашиггүй зарцуулсан өч төчнөөн бондын өр, ард түмний амьдрал шалан дээр унасан байв.
Дээр дурдсанчлан Н.Алтанхуягийг АН-ын дарга болон Ерөнхий сайдын албан тушаалаас нь мулталж, "шинэчлэлийн" Засгийн газрыг нь унаган байж гарч ирсэн "шийдлийн" гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг нэгэнтээ тоглоомын Засгийн газар хэмээж, тэргүүнийг нь "утсан хүүхэлдэй" гэж цоллосон байдаг.
Эх сурвалжийн хэлснээр бол Ч.Сайханбилэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "утсан хүүхэлдэй" байсан гэх бөгөөд түүгээр дамжуулан Монголын хамгийн том баялгуудыг "цэгцэлж", хувь хүртсэн аж.
1990-иэд оноос ялгаатай нь Монголын хамгийн том баялаг нь төрийн өмчийн банкууд биш гаднаас авах бондууд, Оюу Толгой, Эрдэнэт үйлдвэр, Таван Толгой байв.
Эдгээрээс УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын гавьяагаар гэх үү Таван Толгой л ганц хөндөгдөөгүй үлдсэн.
Өдгөө Ц.Элбэгдорж нууц ноёнтонтой Ч.Сайханбилэг, С.Баярцогт тэргүүтэй Соёмбо фракцийнхны гар оролцсон Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Оюу Толгойн Дубайн гэрээ ихээхэн яригдаж байна.
2009 онд С.Баяр, С.Баярцогт нарын хийсэн Оюу Толгойн анхны гэрээгээр Монгол Улс 2023 оноос тус ордоос цэвэр ашиг хүртэх байсныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод очин 2037 он болгон хойшлуулж, үүнийхээ төлөөсөнд 500 сая ам.доллар авсан гэдэг.
Тухайн үед УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй хүмүүс энэ асуудлаар нь Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь буулгах гэсэн ч хүчрээгүй.
Эдүгээ энэ асуудлаар АТГ-аас Ч.Сайханбилэгийг шалгаж эхэллээ. Үнэндээ бол Ч.Сайханбилэг бол зүгээр л "утсан хүүхэлдэй", түүнийг хөшигний араас удирдаж байсан гэх Ц.Элбэгдоржийн "оймсыг гозолзуулах" үйл ажиллагаа яваад эхэллээ.
Санаж байгаа бол Х.Баттулгын нэр холбогдсон Төмөр замын хэргийг шалгасан явдлын ард Ц.Элбэгдорж байсан юм.
Одоо Х.Баттулгын хариугаа авах ээлж. Угтаа бол төрөөс хулгай хийсэн нөхдүүдийг шалгах нь зүй ёсны хэрэг л дээ. Гэхдээ Монголын улстөрийн амьдрал шалгавал хохьчино шүү хэмээх шантааж доор бие биенээсээ өшөө авах маягаар өрнөдгийг юу эс андахав.