Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 21-нээс Япон Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрээр Япон Улcын Гадаад хэргийн сайд Т.Коно-той албан ёсны хэлэлцээ хийж, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Х.Сэко, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд К.Като, Токиогийн Олимп, Паралимпийн асуудал эрхэлсэн сайд Ш.Сүзүки нартай тус тус уулзаж ярилцав. Түүнчлэн, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО), Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Ардын дипломатын нийгэмлэгийн удирдлагуудтай тус тус уулзаж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Албан ёсны яриа хэлэлцээний үеэр сайд Д.Цогтбаатар ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий манай стратегийн дотно түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлов. Талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж, улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр ярилцав.
Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд Япон Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэл харамгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв. Япон Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд болон Японы ХАЁТ-ийн хүрээнд олон чухал дэмжлэг үзүүлж байгаа билээ. Японы Засгийн газар ирэх хавраас Монголын хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн Мастер төлөвлөгөөг боловсруулахаар шийдвэрлэснийг Сайд Т.Коно мэдээлэв. Сайд Д.Цогтбаатар Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” –ийн III ээлжийг хэрэгжүүлэх хүсэлт тавив.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд нэн ач холбогдол бүхий ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчнийг бэхжүүлэх чиглэлд хоёр улсын Хөдөлмөрийн асуудал хариуцсан яам хооронд байгуулаад буй “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Санамж бичиг”-ийг тууштай хэрэгжүүлэхээ талууд нотлов. Сайд Д.Цогтбаатар хоёр улсын иргэд хэтдээ визгүй зорчих нөхцлийг одооноос бүрдүүлж ажиллахын чухлыг тэмдэглэж, талууд иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаарх ГХЯ-ны Консулын газар хоорондын зөвлөлдөх механизмыг бүрдүүлж, хамтран ажиллахаар болов.
Монгол, Японы харилцаа хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байгааг дурдаад Стратегийн түнш улс орны хувьд энэ чиглэлд цаашид улам бүр нягт хамтран ажиллахаар тогтов.
Монгол Улсын Гадаад харилцааны сайдын энэ удаагийн айлчлалын гол зорилго хоёр улсын өндөр түвшний улс төрийн харилцаанд түшиглэн эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэн ялангуяа ЖДҮ-ийг дэмжиж Монголын экспортыг Японы зах зээлд гаргах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Сайд Д.Цогтбаатар Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Х.Сэко-той уулзахдаа хоёр орны худалдаанд Монголын экспортын эзлэх жинг өсгөх, ЖДҮ-үүдийг дэмжиж ажиллах нь чухал байгааг илэрхийлэв. Х.Сэко үүнийг бүрэн дэмжиж ажиллахаа нотлов. Талууд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцов. Монголын тал ЭЗТХ-ийн Хамтарсан Хорооны үйл ажиллагааг идэвхжүүлж, энэхүү хэлэлцээрийн “Хамтын ажиллагаа”-ны бүлэгт дурдагдсан заалтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч өгөхийг хүсэв. Японы тал энэ чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны дэд Ерөнхийлөгч Т.Маэда хоёр улсын ЖДҮ-үүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлж, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын удирдлагатай хийсэн уулзалтын үеэр японы тал ХАЁТ-ийн асуудлаар зөвлөлддөг хоёр талын Бодлогын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 3 дугаар сард зохион байгуулахад ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Талууд Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг аль болох хурдан ашиглалтад оруулахын төлөө байгаагаа нотлов.
Сайд Д.Цогтбаатар айлчлалынхаа хүрээнд Монгол, Японы Бизнес уулзалтад оролцож, Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэв. Уулзалтад хоёр талаас 200 орчим компанийн төлөөлөл оролцож, Монголын компаниуд Японы зах зээлд гаргах сонирхолтой бараа бүтээгдэхүүнээ өргөн сурталчилж, танилцуулав.
Сайд Д.Цогтбаатар соёл, олон нийт, спортын солилцоогоор дамжуулан монгол, японы ард түмний найрамдлыг бататгаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар японы байгууллага, хүмүүстэй идэвхтэй ярилцаж, санал солилцов. Энэ хүрээнд тэрээр Токиогийн Олимп, Паралимпийн асуудал эрхэлсэн сайд Ш.Сүзүкитэй уулзаж, Токиогийн Олимпийн үеэр нягт хамтран ажиллахаар ярилцав. Гадаад харилцааны сайд Т.Коно-той хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр соёл, спорт, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр мөн ярилцаж, энэ хүрээнд Жүдо бөхийн багш дасгалжуулагчдыг солилцох зэрэг тодорхой асуудлаар японы талаас дэмжлэг авав.
Сайд Д.Цогтбаатар айлчлалынхаа хүрээнд Монголын Соёлын элч нартай уулзав. Япон Улсад Сүмо бөхийн Их Аварга Даваажаргал, алдарт дуучин Яширо Аки нарын 7 соёлын элч үйл ажиллагаа явуулж байна. Соёлын элч нар урлаг, дуу хөгжим, уран зураг, соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоогоор дамжуулан Монгол орныг Японд хэрхэн таниулан сурталчилж байгаа талаар Сайд Д.Цогтбаатарт танилцуулав.
Гадаад харилцааны сайдын айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна.