Ш.Батхүүгийн хэдэн тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хэн хэн хувааж авсан бэ?
“Жаст” группийн Ерөнхийлөгч Ш.Батхүүгийн тавьсан зээлийн өрөнд “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны мэдэлд өгөх үү, эсвэл Монголын Засгийн газар төлж барагдуулах уу гэсэн хэцүүхэн сонголт монголчуудад тулж ирээд байна. Монголын Засгийн газар Арбитрын хоёр шатны шүүхэд ялагдсан болохоор дээрх хоёр сонголтоос сонгохоос өөр арга замгүй болоод байгаа юм. Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар баталгаа гаргаж, гарын үсэг зурсан байдаг. Тэдний гарын үсэг мөн гэх дүгнэлтийг Олон улсын нэр хүнд бүхий шинжээчид гаргачихаад байгаа. Шинжээчид Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нарын зээл авахад баталгаа гаргаж өгсөн гарын үсэгтэй тамга тэмдэг хуурамч биш гэдгийг маш олон баримтаар нотолж байгааг эх сурвалжууд онцолж буй. Тодруулбал, Олон улсын Арбитрын хоёр шатны шүүх бүрэлдэхүүн ““Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүгийн “Стандарт” банкнаас 110 сая ам. долларын зээл авахдаа бүрдүүлсэн материалд ямар нэгэн хуурамч бичиг баримт, бусдын гарын үсгийг дууриалган зурсан зүйл алга байна. Монголын Засгийн газрын нэр бүхий албан тушаалтнууд зээл авахад баталгаа гаргаж өгсөн нь нотлогдож байна” гэх дүгнэлтэд хүрч, “Стандарт” банкны талд шүүхийн шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалж хэлж байна.
50 сая ам.долларын хэрэг шинээр илэрч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан хэрэгт шалгаж эхлэх бололтой
АТГ-аас Арбитрын шүүхийн шийдвэр гарсны дараа Ш.Батхүү нарт холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкнаас их хэмжээний валют зээлсэн асуудалтай холбоотойгоор хэд хэдэн ноцтой зүйлийг шалгаж эхлээд байгаа гэнэ.
“Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан гэх гэрээ өнөөдрийг хүртэл манай улсын хууль хяналтын байгууллагад олдоогүй юм байна. УБТЗ, “Эрдэнэт” үйлдвэрийн архив, “Жаст” группийн холбогдох бичиг баримт зэргээс ч олдоогүй гэнэ. Хэрэгт холбогдсон хүмүүсээс “Стандарт” банкнаас зээл авсан гэрээний баримт хаана байгааг асуухаар бүгд “Надад байхгүй. Хаана байгааг мэдэхгүй” гэх хариултыг өгдөг байсан аж. Монголоос олдохгүй байсан гэрээг “Стандарт” банк Арбитрын шүүхэд гомдол гаргахдаа өгсөн байна. Арбитрын шүүхээс зээл авсан гэрээг манайхан хуулбарлан авсан гэнэ. Гэтэл уг шалгалтын явцад “Жаст” групп “Стандарт” банкнаас 110 сая ам.долларын зээл аваагүй. Харин 160 сая ам. долларын зээл авсан болох нь тогтоогджээ. Гэтэл УМБГ, АТГ-т Ш.Батхүү шалгагдахдаа 110 сая.ам долларын зээл авсан. Зээлсэн мөнгөө ийм зүйлд зарцуулсан гэх санхүүгийн тайлан гаргаж өгсөн байдаг аж. Өөрөөр хэлбэл, "Стандарт” банкнаас зээлсэн ам.доллараас 50 сая ам. доллар хаашаа орсон нь мэдэгдэхгүй, хэнд өгсөн нь тодорхойгүй байдлаар алга болчихсон байна. Тэгэхээр АТГ-аас ажлын хэсэг дахин томилогдсон нь 50 сая ам. долларыг хэн авсан бэ гэдгийг шалгаж тогтоохоор ажиллаж эхэлсэн гэсэн үг юм. Өөр нэг ноцтой асуудал нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг дээрх хэрэгтэй холлбогдуулан шалгаж болзошгүй нөхцөл байдал бий болоод байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. Ц.Мөнх-Оргилыг шалгах болсон шалтгаан нь 1997 онд АНУ-д суралцаад эх орондоо ирснийхээ дараа “Идэш линч” гэх нэртэй хуулийн фирм байгуулсан байдаг аж. Тэрбээр 2000 онд улс төрд орохдоо хуулийн фирм дэх хувиа өөрийн ойр дотны хүнд шилжүүлэн өгсөн байдаг аж. Тэр хуулийн фирм нь “Линч махионы” гэх нэртэй болж нэрээ өөрчилсөн гэнэ. “Линч махионы” мөн л удалгүй нэрээ дахин өөрчилж, “Махионы лиотто” болсон байна. Энэхүү хуулийн фирм нь “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банкнаас зээл авах үед гэрээний хуулийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Бүр гэрээний хуулийн ажлыг хийж гүйцэтгэсэн хүн нь АНУ-ын иргэн Д.Махони гэгч байдаг гэх мэдээлэл байна. Ц.Мөнх-Оргил 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Гадаад харилцааны сайд болчихоод дараа АНУ-ын иргэн Д.Махониг Алтан гадас одонгоор шагнаж урамшуулсан гэх мэдээлэл ч байгаа юм. “Махионы лиотто” гэх хуулийн фирм нь “Эрдэнэт” үйлдвэрийг төлөөлж“Стандарт” банкнаас зээл авах гэрээний ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Гэтэл манай улсын Засгийн газар, “Стандарт” банк хоёр Арбитрын шүүхэд маргаан өрнөхөд дээрх хуулийн фирм нь “Стандарт” банкны хуулийн зөвлөхөөр ажилласан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа аж. АТГ-т тус фирмийнхэн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкнаас зээл авсан асуудалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан бүх мэдээллийг англи хэл рүү орчуулж, Англи руу явуулдаг гэх мэдээлэл ч ирээд байгаа аж. Хэрэв үнэн бол “Махионы лиотто” гэх хуулийн фирм нь“Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банк гээд хоёр талд ажиллажээ. Энэхүү ноцтой баримттай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг шалгах асуудал АТГ, нийслэлийн прокурорын газарт яригдаж эхэлжээ. Үүнээс гадна өөр нэг зүйл нь “Махионы лиотто” гэх хуулийн фирмийнхэн Ш.Батхүү хуурамч гарын үсгээр бичиг баримт бүрдүүлж зээл авсан уу, үгүй юү гэдгийг мэдэж байгаа бөгөөд тэд хэргийн зангилааг тайлах ганц гэрч байх ёстой юм.
АТГ мөн “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авах үед “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг шалгаж байгаа гэнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригтой найз нөхдийн холбоотой гэгдэх Б.Мөнхжаргал нь “Стандарт” банктай гэрээ байгуулах, гэрээг хянах, гарын үсэг зурах, тамга дарах зэрэг ажлыг хариуцан хийж байсан гэх. Мөн гэрээ байгуулагдснаас хойш Б.Мөнхжаргал нь “Стандарт” банктай харилцаж, мэдээлэл солилцож байсан гол хүний нэг гэдгийг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид хэлж байв. Мөн “Стандарт” банктай байгуулсан гэрээнд үйлдвэрийн захирал Ч.Ганзориг гарын үсэг зурсан байдаг. Тэгвэл Ч.Ганзоригийн гарын үсэг мөн гэж Б.Мөнхжаргал баталгаажуулан гарын үсэг зурсан баримт АТГ-т иржээ. Үүнээс гадна “Махионы лиотто” гэх хуулийн фирм нь Арбитрын шүүх ажиллагаанд “Стандарт” банкны талд ажиллахдаа Б.Мөнхжаргалтай утсаар ярьсан, гэрээний бүртгэл хийсэн гэх мэдүүлэг өгсөн байдаг гэнэ. Б.Мөнхжаргал шүүхэд мэдүүлэхдээ баталгааны гэрээг огт ойлгоогүй гэж хэлсэн байдаг гэх. Тэгсэн мөртлөө Ш.Батхүүтэй хамт сууж байгаад гэрээнд засвар хийж, “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээхгүй” гэж оруулсан гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байдаг гэнэ. Гэтэл шүүх Б.Мөнхжаргал, Ш.Батхүү нар нь англи хэл дээрх урт гэрээг засварлах боломжгүй. Аль аль нь англи хэлгүй хэмээн шүүх үзсэн байдаг гэх мэдээлэл байгаа. Энэ мэт Б.Мөнхжаргал гэх хуулчийг тойрсон олон ноцтой асуудал байгаа учир АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 2010 оны гуравдугаар сарын 5-ны өдөр энгийн викселээр ямар ч хүү төлбөргүйгээр зургаан сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг “Жаст” группт зээлүүлж байсан баримт байдаг юм байна.
Ийнхүү АТГ Арбитрын шүүхэд манай улсын Засгийн газар ялагдаж, “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд алдах дээрээ тулаад байгаатай холбоотойгоор шинэ нөхцөл байдлаар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Ш.Батхүү банк, махны үйлдвэрээ төрд тушааж, Олон овоотоо Г.Алтанд шилжүүлж, шатахуун түгээх станцаа “Магнай Трейд” компанид нийлүүлжээ
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэргийн эзэн Ш.Батхүү өнөөдөр хаана байгаа нь тодорхойгүй байна. Ш.Батхүү Монголын тэргүүн баячуудын нэг байсан. “Хадгаламж” банкны эзэн, “Жаст ойл” шатахуун түгээх станцыг байгуулж, “Жаст агро” үйлдвэрийн эзэн, “Олон овоот” уурхайн эзэн гээд л хэдэн арван тэрбум төгрөгөөр яригдах эд хөрөнгөтэй томчуудын нэг нь тэр байсан. Тэгвэл Ш.Батхүүгийг эзэмшиж байсан дээрх зүйлсийг өнөөдөр хэн эзэмшиж байна вэ. Үүнийг бид нэхэн сурвалжилсан юм.
Эх сурвалжийн хэлж байгаагаар “Жаст ойл” шатахуун түгээх станцыг “Магнай трейд” компани худалдан авсан юм байна. “Магнай трейд” компанийг Ерөнхий сайд асан С.Баярын мэдэлд байдаг гэх мэдээлэл байдаг билээ. Ш.Батхүү, С.Баяр нар ойр дотны холбоотой найзууд гэдгийг хэн бүхэн мэддэг. Тэгвэл “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяраас 25 тонн алтны нөөцтэй хэмээн худалдаж авсан “Олон овоот” уурхай нь “Алтжин” группийн Ерөнхийлөгч Г.Алтангийн мэдэлд очсон байдаг. Г.Алтан хатагтай Ш.Батхүү нар “Олон овоот”-ын уурхайн төсөлд хамтран хөрөнгө оруулалт хийсэн байдаг билээ. “Хадгаламж” банкаа харин Төрийн банкинд шилжүүлсэн. Ш.Батхүү "Хадгаламж" банк Төрийн банктай нэгдэхдээ 1.1 их наяд төгрөгийн актив шилжүүлж, Монгол банкин дахь нөөцийн дансанд 200 тэрбум төгрөг нь байршиж байна. Салбаруудад бэлнээр 150 тэрбумаас гадна 50 гаруй тэрбумын Засгийн газрын болоод Монгол банкны үнэт цаас байршиж байсан. Тэр бүү хэл “Хадгаламж” банкны актив 2009 онтой харьцуулахад 12 дахин өссөн бөгөөд эхний шаардлагаар бүх харилцагчдын төлбөрийг гаргах боломжтой байсан. Энэ нь “Хадгаламж” банкин дахь хадгаламж эзэмшигч, харилцагчдын хөрөнгө эрсдэлд ороогүй гэдгийг давхар баталгаажуулж байгаа хэрэг” хэмээн мэдэгдэж, “Хадгаламж” банкаа төрийн мэдэлд өгсөн билээ. Тэгвэл “Жаст Агро” компаниа татан буулгаад 11 махны үйлдвэрээ “Хадгаламж” банкны гүйцэтгэл хангуулахаар мөн л төрийн мэдэлд өгсөн байна. “Мах маркет” махны үйлдвэрийг төр өөрийн эрх мэдэлдээ авсан гэх боловч Монголын нэр нөлөө бүхий улстөрчид хуваан авсан гэх мэдээлэл байна.
Э.Баатар
Өдрийн сонин