Х.Баттулга: Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараад иргэдтэй уулзав. Мандал сумын төв нь Монгол Улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумдаас хүн амын тоогоор нэгдүгээрт ордог дэд бүтэц, төмөр замын сүлжээнд холбогдсон томоохон сум юм.
Мөн энэ сум газар тариалангийн бүс нутагт тооцогдож, үүний хажуугаар уул уурхайн томоохон орд газрууд байдаг нь нутгийн иргэд болоод олборлох салбарынхны хооронд зөрчилдөөн үүсэх үндэслэл болдог талаар нутгийн иргэд уулзалтын үеэр түлхүү ярьж байв. Үүний нэг жишээ нь, Ноён уулын асуудал бөгөөд нутгийн иргэд Ноён ууланд Хүннүгийн үеийн булш, бунхан, түүхийн дурсгалт зүйлс байдаг тул ууланд уул уурхайн олборлолт явуулахыг эсэргүүцэж байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад олноор хэлж байлаа. Ноён ууланд олборлолт явуулахтай холбоотой асуудлаар нутгийн иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл шүүх ажиллагааны процесс үргэлжилж байгаа юм байна.
“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан
Сайн байцгаана уу? Би зөвхөн Ерөнхийлөгчид ч биш нийт ард түмэн, тархан суугаа монголчууддаа хандаж нэг зүйл гуймаар байна. Өмнөх Ерөнхийлөгч “Та нар доороос нь сайн тэмц, би дээрээс нь дэмжээд өгье” гэж Ноён уулын талаар ярьж, хэлж байсан. Бид амиа гартал тэмцсэн, жагссан, өлссөн. Өнөөдрийг хүртэл Ноён уулын асуудлаар захиргааны хэргийн шүүхэд зарга үүссэн явж байгаа. Хэдийгээр захиргааны хэргийн шүүх дээр торгоогоод явж байгаа ч гэсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бид Ноён уулаа хамгаалах шаардлагатай байна. Үүнтэй холбоотой хуулийн төслийг Ерөнхийлөгч та санаачилж, өргөн барих хэрэгтэй. Цаашлаад Ноён уулыг ЮНЕСКО-д дэлхийн соёлын өвөөр бүртгүүлэх боломж бий. Байгалийн цогцолборт газар гэдгээс гадна археологийн асар их олдвортой. Дэлхийд ганцхан байгаа Хүннү гүрний баталгаа болох 374 булш, бунхан байгаа энэ сайхан хайрханыг гадны луйварчдад алдах гээд байна. Монголыг тойрсон зах замбараагүй лицензүүд бий. Уул уурхайн асуудал замаа алдсан байгаа шүү. Бэлчээргүй болсон, гол ус нь хордсон гамшгийн байдалд орлоо. Бид Канадын дагавар, колони улс биш шүү дээ. Өчигдөр /энэ сарын 21-ний өдөр/ захиргааны хэргийн шүүх дээр Ноён уул, “Сентерра гоулд”-тай холбоотой шүүх хурал болох байсан ч 35 дахь удаагаа шүүх хурал хойшилж рекорд тогтоолоо. Өнөөдрийг хүртэл бид гаднын компаниас уул ус, өвөг дээдсийнхээ булшийг хамгаалан тэмцэж байна. Ахуйн чанартай олон асуудал байгаа ч Ноён уулын асуудал илүү чухал юм шүү. Бид ардын хүүхдэд хатуу, авлигачдад зөөлөн хуулиас айхгүй. Шударга үнэний дуу хоолой болж явахдаа юунаас ч айж, ухрахгүй гэдгээ хэлмээр байна.
Мандал сумын 4-р багийн иргэн Д.Чимэдрэгзэн
Эх орон гэж ард түмэн, газар нутаг, тусгаар тогтнол гэсэн гурван зүйл дээр тогтдог байх гэж би хувьдаа боддог юм. Гэтэл өнөөдөр лиценз нэрээр газрыг маань хулгайлж, гаднынханд зарж байна. Газар шорооноосоо урвасан явдал юм. Үндсэн хуульд “…байгалийн баялаг ард түмний өмч” гэдэг. Гэтэл өнөөдөр биднийг хуураад, биднээс хулгайлж газар зарж байна. Эх орон гэх гурван тулганы хоёрыг нь устгаж, хулгайлсан хүмүүсийг бид юу гэж нэрлэх вэ. Оффшорчид гэх үү, луйварчид гэх үү. Тэд бол эх орноосоо урвасан урвагчид. Тиймээс лицензийн асуудлыг цэгцэлж, гаднын компанид лиценз өгөх асуудлыг төрийн, тагнуулын байгууллага оролцдог болгож чангалмаар байна.
Мандал сумын 7-р багийн иргэн С.Лхагвасүрэн
Мандал суманд 1250 гаруй өрхийн тариаланч байдаг. Бидний хадгалсан ногоо зоориндоо өнөөдрийг хүртэл байж байна. Тарьж ургуулаад, хадгалаад хамгаалж байгаа ч зарагдахгүй, Улаанбаатарт хятад ногоо дүүрэн байна. Өрхийн тариаланчид бид хятад хүнсний ногоотой өрсөлдөх аргагүй байна. Тэд олон янзын бордоо, техник тоног төхөөрөмжөөрөө давамгайлж тарьж ургуулдаг. Харин бид үхрийн баасаар л борддог. Цэвэр бүтээгдэхүүн нь борлогдохгүй, хятад ногоо зарагдаад байдаг энэ байдлыг тусгай ярьж, хэлдэг газар нь хэлмээр байна. Бид өөрсдийн ногоог Улаанбаатарын иргэдэд өндөр үнээр зарах юм уу шахах гээгүй. Хэдхэн ченжийн гарт байгаа хятад ногооны худалдааг болиулмаар байна. Бид өөдөө гарч, өсөж дэвжиж чадахгүй арай гэж л амьдарч байна. Урдаас орж ирж байгаа ногоог зохицуулалттай болгомоор байна шүү.
Иргэн Б.Батсайхан
Би Мандал сумын хүндэт иргэн шахуу хүн байна. Ноён уулаар холбогдож, энэ уулыг хамгаалахын төлөө тэмцэж яваад Мандал сумынхантай холбогдсон юм. Монгол Улсын баяр наадам “Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны…” гээд эхэлдэг болсон. Монгол Улс төрт ёсны түүхээ урагш нь “шидсэн”. Харин энэ төрт ёсны үүслийг баталж, нотолдог ганцхан газар нь Ноён уул юм шүү. Ийм ариун, чухал учраас бид хамгаалдаг. Ерөнхийлөгчийг бид сонгосон, ямар байх, ямар байлгах түүхийг бид хамтдаа бичилцэх ёстой. Одоо бид маш тодорхой зүйл хиймээр байна. Өнгөрсөн жилүүдэд бид үргэлж ахуйн чанартай зүйл ярьж, хийж ирсэн байдаг. Энэ бүхний цаана бул хар чулуу байгаа зүйлийг бид тодорхойлсон, Ерөнхийлөгч бидэнд хэлсэн. Удирдах ёстой төр нь мангас болчихоод байгаа. Бид тэднээс зайлшгүй, цаг алдалгүй салах хэрэгтэй. Би ганц, хоёрхон хоногийн өмнө АНУ-аас ирсэн. Тэнд Монгол Улсаасаа амьдрал хөөгөөд дүрвээд, дайжаад очсон хэдэн зуун залуу байна. Тэд сэтгэл зовинож байгаа ч тэндээ сайхан амьдарч, үр хүүхдүүд нь англиар хэлд орж байна. Бид, бидний үеийнхэн өөрчлөлтийг цаг алдалгүй хийхгүй бол ямар ч шаанс алга.
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид
“Бид эе эвийг хичээж нам, намчирхал гэсэн зүйлийг болих хэрэгтэй. Бид ташуураа бариад далайхад хаа ч хүрч чадна. Харин нэг өглөө босоход газаргүй болчихсон байх вий дээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийх нь хувьд Монгол Улс үндэсний аюулгүй байдлын хувьд доройтож байна гэдгийг хэлмээр байна. Хүүхдүүд алга болж байна. Эмс охид замбараагаа алдсан. Монгол хүний ген, үүх түүх, өв соёл байхгүй болж байна. Тийм учраас Ноён уулыг монголчуудын язгуурыг устгахын тулд үндэстэн дамнасан, олигарх “Сентерра гоулд” зэрэг компани санаархаж байна. Гэхдээ тэд чадахгүй. Үүний төлөө алтан амиа өргөнө гээд 375 залуу Төрийн өндөрлөгүүдэд мэдэгдлээ хүргүүлсэн байгаа. Дээрээс нь Мандалын 10 мянга гаруй хүн Ноён уулыг ухахыг эсэргүүцнэ гэж гарын үсгээ зурсан. Зөвхөн Мандалын иргэд ч биш дэлхийн 24 орны хуульч, сэтгүүлчид Ноён уулыг хамгаалж байгаа” зэргээр Мандал сумын төв Зүүнхараагийн иргэд уул уурхай, газар тариалантай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж санал, бодлоо хэлэв.
Харин Төрийн тэргүүн Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараагийн иргэдэд хандаж хамгийн их асуудал хөндөгдсөн Ноён уулын асуудлаар:
“Мандал сумын Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой. Ноён уулыг төрийн хамгаалалтад авна гэж би сонгуулийн өмнө хэлсэн. Энэ амлалтаа мартаагүй байгаа. Ноён уултай холбоотой маш их санал гарч байна. Миний зөвлөхөөр ажиллаж байгаа Г.Уянга Ноён уултай холбоотой захиргааны хэргийн бүх шүүх хуралд оролцож, надад мэдээлэл өгч байгаа. Ямар нэг байдлаар энэ ууланд байгаа алт, булш, олдвор зэргийг хамгаалах, хадгалах асуудлаар санаачилгатай ажиллаж байгаа гэдгээ хэлмээр байна. Нөгөө талд маш их мөнгөтэй, маш том хуулийн баг ажиллаж байгаа. Гэхдээ удахгүй сайн мэдээ сонсоно гэдэгт итгэлтэй байгаа” гэсэн юм.
Мөн Төрийн тэргүүн тэтгэврийн нас, зөрүү, зээл, ажилгүйдэл, оффшорын асуудлаар иргэдийн асуултад хариулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын баримталж буй бодлого, шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараагийн иргэдэд танилцуулснаар уулзалт өндөрлөв.