Хэнтийгээс сонгогдсон УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулгын үйлдсэн гэх бэлгийн хүчирхийллийн хэрэг нэг талдаа гарч шийдэгдэх нь тодорхой боллоо.
Учир нь, Нийслэлийн прокурорын газраас гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлээд байна.
Д.Гантулгын хувьд өнгөрөгч оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын нэр холбогдсон төмөр замын хэргийн талаар ноцтой мэдээлэл цувралаар хүргэж эхэлснийхээ дараа хүчингийн хэрэгт холбогдсон бөгөөд нэлээд маргаан дагуулсан энэ хэрэг улстөр орсон өдрөөс өдөрт тодорч байна.
УИХ-ын гишүүн Д.Гантулга Н гэх бүсгүйг өөрөө хүсээгүй байхад нь хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангасан нь тогтоогдвол ял авч, гишүүний эрхээ хураалгах ба түүний оронд УИХ-д хэн суух вэ гэдэг ажил хэдийнэ эхэлжээ. Тэгэхээр Д.Гантулга УИХ-ын суудлаас мултрах нь бараг гарцаагүй болж байх шиг байна. Ардчилсан намаас ч энэ ажлыг түргэвчлэхийг шахаж байгаа гэх.
Өдгөө Д.Гантулгын оронд Хэнтийгээс УИХ-д нэр дэвших хүмүүсийн нэрс улстөрийн хүрээнд тодорчихсон цохиж явна. Тухайлбал, Д.Гантулгын суллах нэг суудал дээр АН-аас Б.Гарамгайбаатар, МАХН-аас Н.Энхбаяр нарын нэр яригдаж байна. Харин МАН үнэхээр Д.Гантулга мултарвал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Б.Гарамгайбаатар, Н.Энхбаяр нарыг эсрэг өрсөлдүүлэхээр төлөвлөөд байна.
У.Хүрэлсүх 2016 оны УИХ-ын сонгуулиар Хэнтийгээс нэр дэвшихээр төлөвлөж байсан ч Д.Гантулга, Л.Оюун-Эрдэнэ нарт боломж олгосон гэж яригддаг. Өдгөө Ерөнхий сайдын албан тушаалаас гадна МАН-ын даргын албыг хашиж буй У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгын дараах Монголын улстөрийн өнөөгийн ертөнцийн хоёр дахь том дүр төрх. Түүнд одоогоор УИХ-ын гишүүний албан тушаал л дутуу байна.
Харин Б.Гарамгайбаатарын хувьд 2012 онд Хэнтийгээс сонгогдож байсан ч 2016 оны сонгуулиар гутамшигтайгаар ялагдсан. Түүнийг УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглан "Монроуд" компанидаа тендер авч, Хэнтийн замыг там болгосон гэж нутгийн иргэд ярьдаг.
Түүнчлэн тэр АН засаг барьж байх үед Хөгжлийн банкин дахь бондны мөнгөнөөс их хэмжээний хөрөнгө завшсан хэмээн саатуулан шалгагдаж, улмаар эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтанд суллагдаж түүнээс хойш чимээгүй байгаа.
МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт ч гэсэн УИХ-ын гишүүний суудал чухал хэрэгтэй байгаа. МАХН-аас УИХ-д ганц суудал авсандаа эрдэж, намынхаа өөдөөс нулимж яваа О.Баасанхүүтэй Н.Энхбаяр тооцоотой. Улстөрд том эргэн ирэлт хийхээр чармайж буй Н.Энхбаярт УИХ-ын гишүүний албан тушаал юу юунаас илүү хэрэгтэй байгаа агаад их хуралд сонгогдож байж дараа дараагийн алхмууд бүр найдвартай болох юм.
Ямартай ч, Д.Гантулга шившигтэй хэргээр УИХ-ын гишүүний зөөлөн суудлаа алдсан тохиолдолд түүний оронд эдгээр хүмүүс нэр дэвших гэнэ.
Харин хэнтийчүүдийн зүгээс Б.Гарамгайбаатар л биш бол хэн ч байсан яахав гэцгээж байна .