Монголын агаарын бохирдлын улмаас Улаанбаатарт эрүүл хүүхэд байхгүй болж мэднэ
Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин ирэх жилүүдэд эрс буурахгүй бол Монгол Улсын нийслэл хотод хүүхдийн эрүүл мэндийн хямрал нүүрлэнэ.
Энэ хямралыг энгийнээр тайлбарлавал Улаанбаатар хотод агаарын бохирдлын улмаас эрүүл хүүхэд гэж бараг байхгүй болох юм. Түүнчлэн хүүхдүүдийн эрүүл мэнд ингэж муудсаны улмаас тэднийг эмчлэх эмчилгээний зардал огцом өсч, Монгол Улсын эрүүл мэндийн зардал 2025 онд 33 хувиар нэмэгдсэн байх болно гэж ЮНИСЕф буюу НҮБ-ын Хүүхдийн сангийнхан тооцоолжээ.
Тодруулбал, агаарын бохирдлын улмаас эмчилгээний зардал жил бүр 4.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2025 он гэхэд эрүүл мэндийн салбарын зардал 33 хувиар нэмэгдсэн байх гэнэ.
Нийслэл Улаанбаатарын хотын агаарын бохирдол өвлийн улиралд гамшгийн хэмжээнд хүрдэг бөгөөд энэ хотод амьдардаг хүүхдүүдийн эрүүл мэндэд нөлөөлж буй хор хохирлыг нь авч үзвэл өвөл бүр онц байдал зарлахаас өөр аргагүй байдал үүссэн. Монгол Улсын агаар 2018 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон олон улсын аюулгүй хэмжээнээс даруй 133 дахин их бохирдолтой байсан. Хэмжилтийг Баруун 4 замд байрлах мониторингийн станцаар хэмжихэд нэг шоо метр агаар дахь тоосонцрын хэмжээ 3320 микрограмм байжээ.
Энэ нь олон улсын аюулгүйн стандартаас 133 дахин их гэсэн үг юм байна. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын агаар эрчимтэйгээр бохирдож, үүнийг дагасан амьсгалын замын өвчлөл, нас баралт эрс нэмэгдсэн байдаг. Тухайлбал, амьсгалын замын өвчлөл 3 дахин нэмэгдэж, 5-аас доош насны хүүхдүүдийн үхлийн шалтгааны хоёрдугаарт уушигны үрэвсэл ордог болжээ.
Өдгөө Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүдийн уушигны үйл ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар муу байна.
Агаарын бохирдол томчуудаас илүү хүүхдүүдэд илүү нөлөөлдөг бөгөөд ахимаг насныханд ч хүнд тусч байгааг албаныхан хэлэх болсон. Мэдээж агаарын бохирдол дан ганц амьсгалын зам, улаан хоолой, уушиг гэлтгүй хүний тархинд муугаар нөлөөлж, хүүхдүүдийн танин мэдэхүйн хөгжилд сөрөг үр дагавар учруулж байна.
Үүний улмаас хүүхдүүдэд насан туршийн хор хохирол учирч, бэрхшээлүүд бий болж байна.
"Агаарын бохирдол Улаанбаатарт хүүхдийн эрүүл мэндийн хямрал бий болгож байна. Хүүхэд бүрээс гадна жирэмсэн эхчүүдэд энэ нь аюултай. Агаарын бохирдлын хямралын улмаас дутуу төрөлт, зулбалт, жин багатай хүүхэд төрөх, уушигны үрэвсэл, бронхит, астма, тархины дутуу хөгжилтэй хүүхдүүд төрж байна. Энэ бол Монголын хүн амын нөөцөд заналхийлж буй бодит аюул" гэж ЮНИСЕФ-ийн Монголын төлөөлөгч Алекс Хейкенс хэлжээ.
Агаарын бохирдлыг бууруулах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах урт хугацааны тогтвортой шийдэл юм. Үүний зэрэгцээ, мянга мянган хүүхдэд яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй болжээ.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд анхаарч, амин дэмтэй хоол хүнс өгөх, цэвэр агаарт гаргах, адаглаад маск зүүлгэх гэх мэт арга хэмжээ шаардлагатай байна.